top of page

Монголын цахим спортын 2024 оны шилдгүүд

Монголын цахим спортын шилдгүүдийг тодруулах анхын арга хэмжээг ESN-Esports Network, хэвлэл мэдээллийн unread.today хамтран “Mongolian Esports Awards 2024” арга хэмжээг зохион байгуулсан юм.

Шагналын ач холбогдол

“Mongolian Esports Awards 2024” нь Монголын цахим спортын салбарын шилдэг баг, тамирчин, дасгалжуулагч, стриймэр, тайлбарлагч нарыг жил бүр алдаршуулах зорилготой шагнал юм. Монголын цахим спортын 2024 оны шилдгүүдийг тодруулах ёслолд нийт 12 ангилалд жар гаруй нэр дэвшигчдээс шилдгүүдийг тодруулав.

Монголын баг, тоглогчид 2024 онд дэлхийн томоохон тэмцээнүүдэд түүхэн амжилтууд гаргаснаар “Монголын цахим спорт” хэмээх ойлголтыг олон улсад таниулж, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээсэн онцгой жил болсон юм.

Шалгаруулах зарчим

Шилдгүүдийг тодруулахдаа:

  • Үзэгчдийн санал

  • Зохион байгуулагч ESN-ийн мэргэжлийн үнэлгээ гэсэн хоёр эх сурвалжийг хослуулан, шударга, тэнцвэртэй шалгаруулалтыг хийжээ.

2024 оны шилдгүүд (undread.today-ээс түүвэрлэв.)

PC ESPORTS TEAM OF THE YEAR

Энэ жилийн шилдэг багаар (компьютер) ямар ч маргаангүйгээр CS2-ийн The MongolZ шалгарлаа. Тэд энэ жил Yalla Compass 2024, Thunderpick World Championship 2024 зэрэг өндөр зэрэглэлийн (S) тэмцээнүүдэд түрүүлэхээс гадна Дэлхийн аварга шалгаруулах Perfect World Shanghai Major 2024 тэмцээний финалын шатанд шалгарсан анхны Ази баг болсон юм.


MOBILE TEAM OF THE YEAR

4Merical Vibes баг энэ жил PUBG Mobile Super League - Central and South Asia-ийн Spring, Fall тэмцээнүүдэд тус тус түрүүлж, PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7-р байранд орсон амжилтаараа оны шилдэг багаар (гар утасны) шалгарч байна.


COACH OF THE YEAR

CS2-ийн The MongolZ-ийн түүхэн амжилтуудын ард ажилласан хүн бол дасгалжуулагч Maaraa. Тэрээр энэ жил багаа олон улсын шатанд гаргаж, Монгол Улсаас гадна Ази тивээ төлөөлөхөд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн юм. Түүнгүйгээр The MongolZ-ийн амжилтыг төсөөлөх боломжгүй.


PC PLAYER OF THE YEAR

CS2-ийн The MongolZ баг анхны S-Tier буюу хамгийн дээд түвшний тэмцээндээ түрүүлсэн нь Абу Дабигийн YaLLa Compass 2024 байв. Тоглогч 910 уг тэмцээнээс MVP шагналыг хүртэж, HLTV-ийн MVP-ийг авсан анхны Монгол тоглогч болсон билээ.

 

Монголын цахим спортын 2024 оны шилдгүүд

IGL OF THE YEAR

IGL буюу "In Game Leader" бол багийнхаа гол тархи нь. Тэд л тоглолт дундуур ухаалаг шийдвэр гаргаж, багаа хожил эсвэл ялагдлын алинд хүргэхийг шийддэг хүмүүс. Энэ жил багаа хамгийн сайн манлайлж, түүхэнд бичигдэх амжилтууд гаргасан тул CS2-ийн The MongolZ багийн "IGL" bLitz шилдгээр шалгарчээ.

 

MVP BY ESN

Энэ жилийн хамгийн онцлох амжилтуудын эзэн, олон нийтэд цахим спортыг ахин нэг удаа шинээр танилцуулж чадсан CS2-ийн The MongolZ багийн Senzu-г ESN-ий зүгээс оны хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр шалгаруулав. Тэрээр энэ жил өөрийн нэрээ цахим спортоос гадна хит дуунд ч мөнхлөөд амжсан билээ.

 

HIGHLIGHT OF THE YEAR

Цахим тоглоомын салшгүй нэг хэсэг бол тоглолтын онцлох мөчүүд. Энэ жил монгол баг, тамирчид дэлхийн шилдэг багуудын эсрэг олон гайхалтай тоглолтууд хийсний дотроос CS2-ийн The MongolZ багийн Techno4K-ийн Vitality-тай хийсэн тоглолтын үеэрх энэхүү мөч шилдгээр шалгарчээ.


FAN FAVOURITE PLAYER

Ердөө 17 настай ч насандаа баймгүй авьяас чадвартай Mzinho энэ оны олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн тоглогчоор шалгарч байна. Түүний нөхөрсөг байдал, хөгжилтэй мөч, тоглолтын дараах ярилцлагууд зөвхөн монгол гэлтгүй олон мянган гадаад фэнтэй болоход нөлөөлсөн билээ.

 

Монголын цахим спортын 2024 оны шилдгүүд

MOBILE PLAYER OF THE YEAR

esportsearnings.com сайтын жагсааснаар Монголоос нийт авсан шагнал нь 300,000 доллар давсан хоёр л тоглогч бий. Түүний нэг нь PUBG Mobile-ийн Team Falcons-ийн тоглогч TOP. Тэрээр энэ жилийн гар утасны тоглоомын шилдэг тоглогчоор шалгарав.

 

INTERNATIONAL TALENT

Бидний сайн мэдэх erkaSt мэргэжлийн тоглогчийн карьераа өндөрлүүлж, дасгалжуулагч болжээ. Ийнхүү тэрээр энэ оноос Австралийн FlyQuest багийг дасгалжуулан ESL Challenger-ийн хоёр тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга шалгаруулах Perfect World Shanghai Major 2024 тэмцээнд багаа оролцуулж, дэлхийн тайзнаа дасгалжуулагч болон тоглогчийн хувиар тус тус гарч чадав.

 

TALENT OF THE YEAR

Ямар ч спортыг тайлбарлагчгүйгээр төсөөлөх аргагүй. Тэд л тухайн спорт, цаашлаад баг, тамирчдыг гарын алган дээрээ тавьсан мэт мэдэж, үзэгч сонирхогчдод ойртуулж өгдөг билээ. Энэ жилийн шилдэг кастер буюу тайлбарлагчаар META-гийн KEi тодров. Түүний CS2-ийн тоглолтын тайлбарлалтууд олон арван мянган үзэгчдийг нэгэн дор тогтоож, олон мянган хүнийг энэ спорттой танилцуулсан юм.

 

STREAMER OF THE YEAR

Цахим спортын бас нэгэн том салбар бол контент тэр дундаа стрийм (шууд дамжуулалт). Энэ жилийн шилдэг стриймэрээр нийт таван YouTube сувагтаа 500,000 орчим дагагчтай, CS2 тоглоом болон бусад төрлийн хөгжилтэй бичлэг, сонирхолтой даалгавруудаараа (challenge) олноо танигдсан MIO шалгарлаа.

 

 

Монголын цахим спортын 2024 оны шилдгүүд

 

SUPPORTER OF THE YEAR

Цахим спортын хөгжлийг дэмжигч, хамтрагч, ивээн тэтгэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ жил цахим спортыг дэмжин ажилласан байгууллагууд дундаас Mountian Dew шилдгээр шалгарчээ. Олон арван тэмцээн, шууд дамжуулалтыг ивээн тэтгэж, олон мянган залуусын мөрөөдөл бодит болоход үнэтэй хувь нэмэр оруулсанд баярлалаа.

Монголын цахим спортын 2024 оны шилдгүүд

  • MVP by ESN – Senzu (The MongolZ, CS2)

  • PC Player of the Year – 910

  • Mobile Player of the Year – TOP (Team Falcons, PUBG Mobile)

  • IGL of the Year – bLitz

  • Talent of the Year – KEi

  • Streamer of the Year – MIO

  • Coach of the Year – Maaraa

  • Fan Favorite Player – Mzinho

  • International Talent – erkaSt

  • Highlight of the Year – Techno4K (vs Vitality)

  • PC Esports Team of the Year – The MongolZ

  • Mobile Esports Team of the Year – 4Merical Vibes

  • Supporter of the Year – Mountain Dew

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page