Монголчууд HLTV Awards-ийн тайзнаа
- Ariunzayat Yunren
- 12 minutes ago
- 4 min read
Counter-Strike төрлийн хамгийн нэр хүндтэй шагнал болох HLTV Awards нь 2025 оны 1-р сарын 10-нд Серби улсын Belgrade хотод зохион байгуулагдлаа. Энэхүү дэлхийн шилдгүүдийн шалгаруулалтад Монгол улсын The MongolZ багийн тамирчид бүрэлдэхүүнээрээ нэр дэвшсэн билээ.
Нэг багийн ахлагч, дасгалжуулагч хоёулаа HLTV Awards-ийн финалист болж, түүнчлэн тус багийн хоёр тоглогч HLTV-ийн шилдэг 30-д багтсан нь Монголын Counter-Strike болон цахим спортын түүхэнд бичигдэх бахархал юм.
Монголчууд HLTV Awards-ийн тайзнаа дуудуулж байгаа энэ амжилт бол зөвхөн The MongolZ багийнх төдийгүй олон жилийн хөдөлмөр, тэсвэр, итгэл дээр босч ирсэн Монголын цахим спортын экосистем дэлхийн тавцанд өөрийн нэрийг дуурсгаж, “бид энд байна” гэдгээ батлан харуулсан түүхэн илэрхийлэл билээ.
Энэ оны шилдэг 20 тоглогчдын жагсаалтад “Senzu” 13-т орсон билээ.

Мөнхболдын Азбаяр “Senzu”
Мөнхболдын Азбаяр “Senzu” 2025 оны HLTV Top 20 тоглогчдын жагсаалтад багтсанаар Монголын Counter-Strike-ийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрээр бүрэн хэмжээний Азийн бүрэлдэхүүнтэй баг, тэр дундаа Монгол тоглогчоороо HLTV-ийн оны шилдэг 20-д багтсан анхны тоглогч болж байна.
2025 оны гол амжилтууд
“Senzu”-гийн Шилдэг 20-д багтсан гол үндэслэл нь 2025 онд үзүүлсэн том тэмцээнүүд дэх тогтвортой, өндөр түвшний тоглолт байв.
BLAST.tv Austin Major 2025
The MongolZ багийг финалд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн
Тэмцээнийг 1.30 рейтинг-тэй өндөрлүүлсэн
EVP (Exceptionally Valuable Player)-д бүрэн дөхсөн тоглолт
Esports World Cup 2025 (EWC)
Финалд Aurora-г буулган авч, The MongolZ багийн анхны S-tier цомыг хүртсэн
Шийдвэрлэх Nuke map дээр 2.71 рейтинг, 137 ADR үзүүлж, тэмцээний EVP хүртсэн
YaLLa Compass, Thunderpick World Championship, BLAST Bounty
Олон улсын шилдэг багууд (Astralis, NiP, HEROIC, Vitality)-ийг хожсон
LAN орчинд тогтвортой, дарамт даах чадвараа нотолсон
Тоон үзүүлэлтээр батлагдсан улирал
“Senzu” 2025 оны улирлыг дараах статистикаар өндөрлүүлсэн нь түүнийг Top 20-д багтахад гол нөлөө үзүүлэв.
4 удаагийн EVP шагнал
Топ 10 багуудын эсрэг 1.10 рейтинг
Том тоглолтуудад (Big Events) дунджаар 1.07 рейтинг
Аренад тоглосон тоглолтуудад 1.05 рейтинг
Финалын map-ууд дээр 1.14 рейтинг
1.45-аас дээш рейтингтэй тоглолт 21.8%
Эдгээр үзүүлэлт нь түүнийг зөвхөн “ирээдүйтэй залуу” бус, том тайзанд тоглож чаддаг мэргэжлийн тоглогч гэдгийг нотолсон юм.
“Энэ бол төгсгөл биш, Монголын Counter-Strike-ийн өсөлтийн эхлэл,” гэж Senzu хэлэв
2025 он түүнийг HLTV-ийн Шилдэг 20 тоглогч болгосон бол, дараагийн жилүүдэд илүү өндөр оргил түүнийг хүлээж байгаа нь тодорхой байна.
Харин шагнал гардуулах ёслолын өмнө шалгаруулдаг Шилдэг 21-30 тоглогчдын 27-д нь “910” шалгарлаа.

Банзрагчийн Өсөхбаяр “910”
2025 он бол 910-ийн хувьд “перспектив тоглогч” гэдгээс дэлхийн түвшний impact rifler гэдгээ нотолсон жил байлаа. Тэр улирлын турш The MongolZ багийн систем дотор хамгийн тогтвортой, ямар ч нөхцөлд тоглолтын хэмнэлээ алддаггүй тоглогчдын нэг болж, улмаар HLTV-ийн Top 30-д багтах үндэслэлээ бүрдүүлсэн юм.
2025 оны ерөнхий үзүүлэлт
· Дундаж рейтинг: ~1.07–1.10
· ADR (Average Damage per Round): ~78–82
· K/D харьцаа: ~1.05
· Round тутам kill: ~0.70
· Opening duel оролцоо: өндөр (entry role)
Том тэмцээнүүд дэх үзүүлэлт
BLAST.tv Austin Major 2025
· Arena орчинд тогтвортой тоглолт
· Entry + trade үүргээрээ map control барьж өгсөн
· Том map-ууд дээр impact round тогтмол
Esports World Cup 2025 (S-tier, аварга)
· Turning-point round-уудын гол эхлүүлэгч
· Aurora, Vitality-ийн эсрэг цувралуудад Entry амжилт өндөр, Force / low-buy үеийн decisive kill-үүд нь амжилттай байв.
· Багийн хамгийн тогтвортой rifler
Бусад S-tier тэмцээнүүд
· BLAST Bounty 2025
· Thunderpick World Championship
· YaLLa Compass
Эдгээр амжилтууд Senzu-гийн HLTV Top 20, 910-ийн HLTV Top 30-д багтсан үзүүлэлтүүдтэй хамт Монголын цахим спортын шинэ үе эхэлснийг тодорхой харуулж байна. Өнөөдөр Монголын Counter-Strike нь зөвхөн бүс нутгийн төлөөлөл бус, харин дэлхийн тавцанд бодитоор өрсөлдөх чадвартай хүч болсныг энэ улирал батлан харууллаа.
Нэр дэвшигчдийг эргэн харвал
1xBet болон SkinClub-ын ивээн тэтгэдэг HLTV Awards 2025 оны шилдгүүдийн нэр дэвшигчдийн дунд The MongolZ багийн тамирчид, дасгалжуулагч нар бүгд нэр дэвшсэн билээ.
Өнөөдөр hltv.org төгсгөлийн шатны гурван өрсөлдөгчдийг шалгаруулалт бүрээр зарлав.
Оны шилдэг багийн ахлагч төрөлд нэр дэвшигч
The MongolZ багийн тамирчин Б.Гарьдмагнай “bLitz”
Түүний тухай "The MongolZ багийг ахлан удирдаж, Esports World Cup дээр анх удаа жинхэнэ Big Event цом хүртсэнээр Монгол улс төдийгүй Азийн бүс нутгийн хувьд түүх бүтээв. Уг амжилтын дараагаар The MongolZ баг дэлхийн чансааны №1 байранд богино хугацаанд бичигдсэн юм." гэж дурджээ.
“IGL of the Year” төрөл нь зөвхөн хувь тоглогчийн статистик бус, тоглолтын үеийн шийдвэр гаргалт, тактикийн уян хатан байдал, багийг дарамттай мөчид нэгтгэх чадвар зэргийг голчлон харгалзан үздэг хамгийн нэр хүндтэй ангиллуудын нэг.bLitz 2025 оны турш багийнхаа тоглолтын хэмнэлийг зөв удирдаж, плейоффын шатанд тогтмол хүрэх, чухал тоглолтуудад стратегийн давуу тал бий болгох зэргээрээ олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж чадсан юм.
Оны шилдэг дасгалжуулагч төрөлд нэр дэвшигч
The MongolZ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай “maaRaa”
“Coach of the Year” төрөлд финалистээр шалгарсан MAARAA нь The MongolZ багийн тоглолтын систем, бэлтгэлийн арга барил, залуу тоглогчдыг олон улсын түвшинд бэлтгэх стратегийг амжилттай хэрэгжүүлсэн гэдгээрээ онцлог. Түүний удирдлагад баг тоглолтын сахилга бат, мапын бэлтгэл, mid-round шийдвэрүүдийн чанараа мэдэгдэхүйц ахиулж, улирлын турш тогтвортой өсөлт үзүүлсэн.
"maaRaa-ийн шилдэг авьяастныг илрүүлэгч, түүнийгээ хөгжүүлэгч гэсэн нэр хүнд 2025 онд бүрэн баталгаажлаа. Тэрээр олны анхаарлаас гадуур байсан залуу тоглогчдыг олж нээж, тэдний амжилтаар The MongolZ багийг дэлхийн чансааны №1 байранд хүргэж чадсан юм. Мөн улирлын төгсгөлд Azbayar “Senzu” Munkhbold-ын оронд Unudelger “controlez” Baasanjargal-ыг тоглуулах шийдвэр нь, багийн гол rifler-гүй байсан ч түүний тогтолцоо үр дүнтэй ажилладгийг дахин нотолсон билээ." хэмээн шалгаруулалтын тухай нийтлэлд дурджээ.











Comments