top of page

The MongolZ баг Монгол Улсын Соёлын элчээр томилогдлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр The MongolZ багийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчээр томилсон гэрчилгээг албан ёсоор гардууллаа.

Ингэснээр The MongolZ баг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон анхны спортын/цахим спортын баг болж байна.

 

The MongolZ баг нь Монгол Улсын цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсоор ирсэн Монголын бахархал болсон баг юм. Тэдний энэхүү амжилт, нөлөө, олон улсын нэр хүнд нь Соёлын элчээр томилогдох үндэслэл болж, зөвхөн цахим спортын амжилтаар хязгаарлагдахгүй, дэвшилтэт технологи, цахим орчин, дижитал контентын боломжийг ашиглан Монгол Улс, Монгол үндэстнийг бүтээлч, орчин үеийн хэлбэрээр дэлхий дахинд сурталчилж ирсэн нь онцгой ач холбогдолтой юм.


Эхний зураг: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг.

Дараагийн зураг: The MongolZ баг. Зүүн гар талаас: Б.Аюуш “mzinho” (тамирчин), C.Мөнххишиг "winter" (менежер), Б.Эрдэнэдалай “maaRaa” (дасгалжуулагч), Б.Өсөхбаяр “910” (тамирчин), Б.Гарьдмагнай “bLitz” (тамирчин)

Зургийн эх: Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны Нүүр номын хуудаснаас


The MongolZ баг Монгол Улсын Соёлын элч ажиллах хугацаандаа Монголын уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлан таниулах, мөн Монгол Улс болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллана” гэж мэдэгдэв.

Монгол Улсын Засгийн Газрын тогтоол, Соёлын элчийн ажиллах журмын хавсралт 3.3.3-д дурдсанаар “Монгол Улсын нэрийн өмнөөс Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн” хэмээх шалгуурын дагуу Соёлын элчийн болзлыг хангажээ.

Соёлын элч гэж хэн бэ?

Соёлын элч нь Монгол Улсыг олон улсад эерэг, орчин үеийн дүр төрхөөр сурталчлан таниулах зорилготой, сайн дурын үндсэн дээр ажилладаг төлөөлөгч юм.

Гол үүрэг

  • Монголын соёл, түүх, хэл, өв уламжлал, спорт, боловсрол, шинжлэх ухааныг гадаад улсад сурталчлах

  • Олон улсын соёл, спорт, боловсрол, хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвхтэй оролцох

  • Монгол Улс болон бусад улсын байгууллагуудын хооронд харилцаа, хамтын ажиллагааг дэмжих

  • Монгол Улсын талаарх албан ёсны гадаад сурталчилгааны чиглэлийг баримтлан ажиллах

  • Жил бүр үйл ажиллагааныхаа тайланг холбогдох байгууллагад ирүүлэх

Онцлог

  • Цалин хөлс, санхүүжилт шаардахгүй, сайн дурын ажил

  • Дипломат дархан эрх, ямба эдлэхгүй

  • Монгол Улсын нэр хүндийг хамгаалж, ёс зүй, хариуцлагыг өндөр түвшинд сахих үүрэгтэй

  • 2 жилийн хугацаатай томилогдож, үр дүнгээс шалтгаалан нэг удаа сунгагдах боломжтой

Юу хийдэг вэ?

  • Цахим спорт, дижитал контент, соёлын бүтээлээр дамжуулан Монголыг дэлхийд таниулна

  • Олон улсын залуусын соёлын орчинд Монголын орчин үеийн, шинэлэг дүр төрхийг бүрдүүлнэ

  • Соёл, спортын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гүүр болж ажиллана

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page