top of page

Цахим спортын менежмент нэг жилийн хөтөлбөрийн нээлт амжилттай боллоо

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Энтрепренершип институт, тус институтын “Энтрепренершип ба инновац” магистрын хөтөлбөрийн 2025 оны төгсөгчдийн үүсгэн байгуулсан EFIVE HUB ХХК, мөн MESA – Mongolian Esports Association (МЦСХ) хамтран хэрэгжүүлж буй “Цахим спортын менежмент” нэг жилийн сертификат олгох, Монгол Улсад анхдагч хөтөлбөрийн нээлт 2025 оны 9 дүгээр сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлага, багш, ажилтнуудын төлөөлөл оролцсоноос гадна хүндэт илтгэгчээр дэлхийн цахим спортын салбарын нэр хүндтэй эксперт, AWERTI (Esports Charts, Streams Charts, Chess Watch, DoHuya)–ийн хамтран үүсгэн байгуулагч, Украйн улсын Цахим спортын үндэсний холбооны (UESF) Хүндэт ерөнхийлөгч, Esports Europe (EEF), International Esports Federation (IESF)-ийн гишүүн Иван Данишевски хүрэлцэн ирсэн юм.

Тэрээр “Understanding esports through data” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, багш, оюутан болон салбарын сонирхогчдод дэлхий дахины хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, чиг хандлагыг танилцуулсан. Түүний хэлсэн үгнээс сонирхолтой тоо баримтыг дурдвал

  • 2024 онд цахим спортын тоглолтуудыг дэлхий даяар нийт 3.26 тэрбум цаг үзсэн нь бүх цаг үеийн дээд амжилт болжээ.

  • Монгол хэл дээр тайлбартай цахим спортын тоглоомын үзэлтийн хувь:

    • Counter-Strike – 61.8%

    • PUBG Mobile – 22.5%

    • Dota 2 – 12.3%

  • The MongolZ багийн тоглолтын үзэлт:

    • 2023 онд 4 сая цаг

    • 2024 онд 355%-иар өсөж 18 сая цаг

    • 2025 оны 9 сарын байдлаар 50 сая цагт хүрээд байна

“Цахим спортын менежмент” хөтөлбөрт суралцагчид:

  • Мэргэжлийн баг болон байгууллагын менежер

  • Холбоо, лигийн тэмцээн зохион байгуулагч

  • Цахим спортын сэтгүүлч, тайлбарлагч

  • Инфлюенсер, дата аналист болох боломжтой бөгөөд Монголын цахим спортын салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх томоохон алхам болж байна.

Зургийн эх сурвалж: СЭЗИС

Цахим спортын салбарт мэргэжилтэнүүд яагаад хэрэгтэй вэ?

Цахим спорт нь сүүлийн арван жилд дэлхий дахинд хурдацтай өсч, олон тэрбум ам.долларын зах зээл болон хөгжиж байна. Энэ өсөлттэй зэрэгцэн зөвхөн тоглогчдоос гадна менежмент, маркетинг, техникийн болон контент бүтээх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин-ий хэрэгцээ улам нэмэгдэж буй.

  1. Менежмент ба зохион байгуулалт

    • Баг, клуб, холбоодын үйл ажиллагаа, тэмцээн уралдааныг үр дүнтэй удирдаж, тогтвортой хөгжүүлэхэд менежерүүд зайлшгүй шаардлагатай.

  2. Маркетинг ба брэндийн хөгжил

    • Дэлхий даяар сая сая үзэгчтэй цахим спортод брэнд болон спонсорын хамтын ажиллагааг зөв удирдах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх мэргэжилтнүүд хэрэгтэй.

  3. Контент ба медиа

    • Сэтгүүлч, тайлбарлагч, стриминг медиа бүтээгчид нь үзэгчдэд сонирхолтой, чанартай агуулга хүргэж, салбарын үнэ цэнийг өсгөдөг.

  4. Дата аналитик ба технологи

    • Тоглолтын статистик, үзэлтийн тоо, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, баг болон тэмцээний стратегийг боловсронгуй болгох мэргэжилтнүүд шаардлагатай.

  5. Олон улсын өрсөлдөөн

    • Монголын багууд дэлхийн тавцанд амжилт гаргахын тулд олон улсын жишигт нийцсэн менежмент, маркетинг, сурталчилгаа, зохион байгуулалтын түвшинд ажиллах хүний нөөц хэрэгтэй.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page