top of page

Сингапур цахим спорт болон оюуны спортуудыг “спорт” гэж хуульчиллаа

Сингапурын Их хурал 2026 оны 1-р сарын 14-нд хууль шинэчилж, цахим спорт болон оюуны спортуудыг албан ёсоор спорт гэж хүлээн зөвшөөрлөө.


Сингапурын Их хурал 2026 оны 1-р сарын 14-нд биеийн тамир спортын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг баталж, цахим спорт болон оюуны спортуудыг албан ёсоор “спорт” хэмээн хүлээн зөвшөөрлөө. Тухайлбал шатар, бридж зэрэг оюуны спортын төрлүүдийг цахим спортын хамтаар спортын тодорхойлолтод багтаасан нь тус улсын спортын бодлого шинэ шатанд гарч буйг илтгэж байна.

Сингапур цахим спорт
Сингапурын Их хурлын байр
Хуулийн хэлэлцүүлэг, үр нөлөө

Энэхүү шийдвэр нь 1973 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж ирсэн Сингапурын Спортын Зөвлөлийн тухай хууль (Singapore Sports Council Act)-ийн “спорт” гэсэн тодорхойлолтыг шинэчилж, орчин үеийн өрсөлдөөн, шинэ төрлийн спортын тэмцээнүүдийг албан ёсоор спортын салбарын хүрээнд оруулсан томоохон алхам юм. Ингэснээр цахим спорт болон оюуны спорт нь зөвхөн сонирхлын хүрээний үйл ажиллагаа бус, төрийн спортын тогтолцоонд бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар (Sport Singapore-SportSG) буюу тус улсын спортын бодлого хэрэгжүүлэгч байгууллага цахим спорт болон оюуны спортын хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлэх үндсэн эрх зүйн орчин бүрдлээ. SportSG нь тухайн спортын онцлог хэрэгцээ, удирдлага зохион байгуулалтын стандарт, хөгжлийн түвшин зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл цахим спортод зөвхөн тэмцээн зохион байгуулах бус, тамирчны хөгжил, дасгалжуулалт, спортын шинжлэх ухааны дэмжлэг зэрэг бүтэцтэй систем нэвтрэх нөхцөл бодитоор бүрдэж байна.

Мөн уг өөрчлөлтөөр Хорооны (Sport Singapore -SportSG) эрх мэдэл нэмэгдэж, шинэ төрлийн бэлтгэлийн байгууламж байгуулах, дасгалжуулагчийн стандарт тогтоох, спортын шинжлэх ухаан, сургалт хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгох зэрэг илүү өргөн хүрээний зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой болсон нь онцлог.


Соёл, Нийгэмлэг, Залуучуудын асуудал эрхэлсэн сайдын үүрэг гүйцэтгэгч David Neo энэхүү хуулийн төслийг “Сингапурын спортын соёлыг ирээдүйд чиглүүлсэн, хүртээмжтэй, динамик, шинэчлэлд бэлэн болгох чухал боломж” хэмээн тодорхойлсон байна.


Энэхүү хуулийн төслийг 2025 оны 11-р сарын 4-нд Парламентын анх танилцуулж, гурван сарын дараа буюу 2026 оны 1-р сарын 14-нд баталсанаар Сингапур улс цахим спортыг спортын хууль эрх зүйн хүрээнд албан ёсоор бүртгэн зөвшөөрсөн цөөн орны нэг болж байна. Энэ нь тус улс зөвхөн шинэ төрлийн өрсөлдөөнүүдийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, ирээдүйд цахим спортын салбарыг бодлогоор дэмжих, илүү олон улсын тэмцээнүүдийг татах, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, залуу тамирчдын хөгжлийн замналыг тодорхой болгох зэрэг олон талын үр нөлөө үзүүлэх боломжтой шийдвэр гэж харагдаж байна.


Нөгөө талаар Сингапурын бодлого нь цахим спортын хөгжлийг зөвхөн дэмжих хэлбэрээр бус, салбарт үүсэж болох эрсдэлийг давхар хумих зарчмыг баримталдаг. Тухайлбал хууль бус мөрийтэй тоглоом, зөвшөөрөлгүй бооцооны үйл ажиллагааг Gambling Control Act-ийн хүрээнд зохицуулж, цахим спортоор дамжсан хууль бус бооцооны сувгуудыг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг нь салбарын нэр хүнд, аюулгүй байдалд чиглэсэн бодлогын нэг хэсэг юм. Энэ бүхэн нийлээд цахим спортыг албан ёсоор спортын салбар болгон хүлээн зөвшөөрөхөөс гадна бүтэцтэй, стандартад суурилсан, аюулгүй хөгжүүлэх системийг бий болгох зорилготой болохыг харуулж байна.


Тухайлбал хууль бус мөрийтэй тоглоом, зөвшөөрөлгүй бооцооны үйл ажиллагааг Gambling Control Act-ийн хүрээнд зохицуулж, цахим спортоор дамжсан хууль бус бооцооны сувгуудыг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг нь салбарын нэр хүнд, аюулгүй байдалд чиглэсэн бодлогын нэг хэсэг юм.

Цахим спортын хөгжил

Сингапур улс сүүлийн жилүүдэд цахим спортын салбарт бодитой алхмууд хийж, Зүүн Өмнөд Азийн хамгийн том, хамгийн нөлөөтэй зах зээлүүдийн нэг гэдгээ улам баталгаажуулж байна. Тус улс зөвхөн тэмцээн зохион байгуулахаас гадна, төрийн бодлого, аялал жуулчлалын стратеги, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэг чиглэлд төвлөрүүлж чадсан нь цахим спортын экосистемийг тогтвортой хөгжүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлж байгаа юм.

  • Сингапурын хийсэн хамгийн том түүхэн алхмуудын нэг нь 2022 онд Dota 2-ийн дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох The International 2022-ыг зохион байгуулсан явдал байлаа. Энэ нь тус улсыг уг тэмцээнийг хүлээн авсан Зүүн Өмнөд Азийн анхны улс болгосон төдийгүй, Сингапур олон улсын цахим спортын томоохон арга хэмжээг өндөр стандарттай зохион байгуулж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан юм.


  • Үүний дараа 2023 онд Сингапур Olympic Esports Week-ийн анхны хувилбарыг хүлээн авч зохион байгуулснаар, олимпын хөдөлгөөнтэй холбоотой цахим спортын хамгийн том арга хэмжээг зохион байгуулсан улс болж, салбарын ирээдүйг тодорхойлох шинэ чиг хандлагын төв цэгүүдийн нэг болсон гэж үнэлэгдэж байна.


Сингапурын цахим спорт 2026 онд

Сингапур 2026 онд цахим спортоор “цөөн тэмцээн зохион байгуулагч улс” биш, харин олон улсын хэмжээнд төв зангилаа болох зорилгыг илүү тодорхой тавьж байна. Тухайлбал 2025 оны 8-р сард Сингапурын Аялал Жуулчлалын Зөвлөл (Singapore Tourism Board) BLAST-тай олон жилийн гэрээ байгуулж, тус улсад дөрвөн том хэмжээний олон улсын эвент тогтмол зохион байгуулах нөхцөл бүрдүүлсэн нь 2026 оны календарийн гол суурь болж байна.


Мөн зөвхөн тэмцээнүүдээр хязгаарлагдахгүйгээр технологийн хөрөнгө оруулалт хүчтэй нэмэгдэж байна. Gaming болон төхөөрөмжийн салбарын томоохон брэнд Razer Сингапурт AI Centre of Excellence буюу хиймэл оюун, тоглоомын хөгжүүлэлтэд чиглэсэн төвөө нээж, AI gaming болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн нь тус улсыг цахим спорт технологийн нийлмэл төв болох боломжтойг харуулж байна.


Хамгийн том анхаарал татах үйл явдал нь 2026 оны 11-р сард тэмцээн зохион байгуулагч PGL компани Сингапурт Counter-Strike Major тэмцээнийг зохион байгуулахаар болсон явдал юм. Тэмцээний плейофф шат Singapore Indoor Stadium-д болох бөгөөд энэ нь тус улсын 2026 оны цахим спортын хамгийн том эвентүүдийн нэг болно гэж үзэж байна.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page