Буддын шашны Бэгз бурхан God of War: Laufey тоглоомын гол дүрүүдийн нэгээр тодорлоо
- Ariunzayat Yunren
- 20 hours ago
- 2 min read
Sony болон Santa Monica Studio-ийн шинээр танилцуулсан God of War: Laufey тоглоомын эхний бичлэгт Монголчуудын анхаарлыг хамгийн их татсан дүр бол Бэгз буюу Жамсран бурхан байлаа.
God of War цуврал нь олон жилийн турш Грек, Норвегийн домог зүйг ашиглан дэлхий даяар алдартай болсон. Харин шинэ цувралд анх удаа Египет, Ази болон бусад соёл иргэншлийн домог, шашны дүрүүдийг нэг ертөнцөд нэгтгэж эхэлж байгаа нь харагдаж байна.
Бэгз буюу Жамсран нь Монголын шарын шашинд хамгаалагч, дайны бурхан хэмээн шүтэгддэг дүр юм. Улаан өнгийн дүрслэлтэй, гал дөлөн хүрээлэгдсэн, дайснаа дарагч хүчирхэг сахиусын дүрээр Монголчууд сайн мэднэ. Монголын олон хийд, сүмд түүний хөрөг болон дүрийг өнөөдөр ч залсан байдаг.

Бэгз бурхан God of War: Laufey тоглоомын танилцуулгад Египетийн хүчирхэг бурхан Сэхметийн хамт гарч ирсэн нь санамсаргүй сонголт биш бололтой. Сэхмет нь Египетийн домогт дайн, тахал, өшөө авалттай холбоотой бол Бэгз нь буддын шашны хамгаалагч, дайсныг номхотгогч сахиусын дүр юм. Аль аль нь айдас төрүүлэх хүчирхэг дүрүүдийн тоонд багтдаг.
God of War цувралын онцлог нь домог, шашны дүрүүдийг шууд хуулбарлах биш, харин өөрийн ертөнцөд тохируулан дахин тайлбарлаж ашигладагт оршдог. Тиймээс тоглоом дахь Бэгз бурхан бодит шашны ойлголтоос өөр дүрслэлтэй байх магадлал өндөр байна.
Шинэ тоглоомын үйл явдал Фэйгийн үхлийн дараах аяллыг өгүүлэх бөгөөд тэрээр "Everywhen" нэртэй бурхдын хойд насны ертөнцөөр аялна. Хэрэв энэ ертөнц үнэхээр өөр өөр соёлын бурхад цуглардаг газар бол өмнөх God of War тоглоомуудад амиа алдсан бурхад ч дахин гарч ирэх боломжтой гэсэн таамаг фенүүдийн дунд өрнөж эхэлжээ.
Тоглоомын найруулагч Кори Барлогийн хэлснээр God of War: Laufey нь 2018 оны God of War болон God of War Ragnarök тоглоомуудтай нэгэн зэрэг өрнөх бөгөөд цувралын үндсэн түүхтэй шууд холбоотой байх аж.
Монголын домог, шашны дүр дэлхийн хамгийн алдартай тоглоомын франчайзуудын нэгт багтаж буй нь зөвхөн тоглоомын мэдээ биш, Монголын соёл олон улсын поп соёлд хэрхэн нэвтэрч буйг харуулсан сонирхолтой жишээ болж байна.



