THE EVIL WITHIN тоглоомын тухай
- esportsenewsmn
- Jul 23
- 3 min read
Та хэзээ нэгэн цагт зүүдэндээ хоригдоно гэж бодож байсан уу?
Хар дарсан зүүднээс сэрж чадалгүй, түүний нэг хэсэг болон үлдэх тэр аймшгийг төсөөл.
The Evil within…
Детектив Себастиан Кастелланос мөрдөгчийн үүргээ гүйцэтгэж Хотын захад байрлах Beacon сэтгэцийн эмнэлэгт дуудагдсан нь бүх зүйлийн эхлэл байлаа. Тэнд очиход угтсан зүйл бол цусанд будагдсан шал, цор ганц амьд үлдсэн хүн. Камерын бичлэг дээр харгис аллагыг гүйцэтгэж буй хурдан хөдөлгөөнтэй, нууцлаг дүр үзэгдэнэ. Гэтэл тэр дүр тэдний нүдэн дээр ил болж, Себастианыг өөрийн гараар ухаангүй болгож орхино.

Сэрэхэд тэр эмнэлэг биш, харин адгийн муухай, бохир гяндан шиг сонин өрөөнд шалнаас уясан олсонд толгой нь доош хараастай бусад цогцоснуудын хамт дүүжлээстэй байна. Урд нь хутга барьсан, гаж донтой мэт цуврал алуурчин шиг нядлагч нөхөр хүний мах эвдэнэ. Себастиан сэмхэн олсоо хутгаар зүсэж тайлтал өнөөх гаж алуурчин цахилгаан хөрөө барьж мань эрийг хөөх бөгөөд Себестиан зугтсаар тэр эмнэлэгээс мултран гарч амь гарна, гэтэл ертөнц өөрөө сүйрэх мэт барилгууд нурж, замууд хагарч хуваагдана.
Энэ бол логик бус, зүүд шиг хэрнээ хэтэрхий бодит орон зай. Себастиан тоглолт дундуур аажмаар ойлгоно, тэр энэ бодит бус ертөнцөд хоригдож, хэн нэгний тархины гүн дотор өөрийнх нь ухамсар нэвтэрч холбогдсон байж магадгүй гэж мөрдөгч хүнийхээ онцлогоор таамагладаг.
Цуг ажилладаг хамтрагч Жозеф, залуу мөрдөгч Кидман нар хааяа гарч ирнэ гэхдээ бүгд л өөр өөр газар будилж, солиорсон мэт аашилна. Тэднийг хамт байлгаж чадахгүй, энэ орон зай өөрөө тэднийг салгаж тараана. Энэ ертөнцөд хүмүүс ухаан санаагаа алдаж зомби мэт болж хувирах бөгөөд тэд бүгд Себастианыг алахаар дайрна. Тоглоомын туршид гарах зомбины эсвэл мангасын дүрслэл нь улам гажуудна: олон толгойтой махан хэлбэртүүд, цусаар дүүрсэн өрөөнүүд, галын дөлөнд шатаж орилох хүмүүс.
Яг энэ бүхний голд “Ruvik” хэмээх хүн байв. Түүний ухаан, ой санамж энэ бүх ертөнцийг удирддаг. Ruvik амьд ахуйдаа аймшигтай зүйлс туулсан - гэр бүл нь амьдаараа шатаж үхсэн, өөрөө зэрэмдэглүүлж галд шатдаг. Тэрээр урд нь хүний сэтгэцийг удирдах туршилтанд орж тарчилсан нь түүнийг өш хонзонгоор энэ бүх хар дарсан зүүдний ертөнц бий болоход нөлөөлсөн байлаа.
Энэ ертөнц ба уг ертөнцөд болж буй үйл явдлын ард STEM систем байсан бөгөөд — энэ нь хүмүүсийн тархийг холбож, хамтын хийсвэр симуляци ертөнцөд оруулдаг технологи. СТЕМ-н гол зорилго бол өөрийн ухамсрыг бусдын биед шилжүүлэх.
Энэ нь хүн хүнд өвчнөөр юм уу ослын үед гарцаагүй үхэх боллоо гэхэд тухайн хүний ухамсрыг нь шилжүүлснээр аврах зорилготой.
Себастиан хар дарсан зүүд шиг энэ системээс гарахын тулд Ruvik-тэй нүүр тулах ёстой. Тэр өөрийн айдас, гэмшил, дурсамжтайгаа тэмцэнэ. Гэр бүлээ алдсан, уусан архичин болсон гэмшил нь өөрийг нь тарчилгана. Харин Ruvik түүнд хэлнэ:
“Энэ бол миний орон зай. Миний тархи. Миний дүрэм.”
Бодол өөрчлөгдөж, хана цус урсаж, шатсан махны үнэр ханхалж, Себастианы араас олон гартай аймшигт чөтгөр Laura хөөнө. Хамтрагчид нь аажмаар үхнэ, урвана, эсвэл зүгээр л ор сураггүй алга болно. Хэн нь амьд, хэн нь зүүд, хэн нь өөрийнх нь төсөөлөл болохыг ялгах аргагүй болно.
Эцэст нь Себастиан Ruvik-тэй нүүр тулна. Ruvik үхэхгүй, учир нь энэ бол түүний зүүд, түүний тархи. Харин Себастиан ганц замаа олно: системийг устгах. Тэр өөрийн айдастай нүүр тулж, өнгөрснөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө золиослон байж тэр аймшигт зүүднээс мултрах гэж хичээнэ.
Гэхдээ амьдралдаа буцаж ирэхдээ ч тэр асуулттай үлдэнэ:
“Би үнэхээр сэрсэн үү? Эсвэл энэ зүүдний өөр нэг шат уу?”
The Evil Within бол зүгээр нэг аймшгийн тоглоом биш. Энэ бол хүний сэтгэл зүй, айдас, гэмшил, дурсамж гэдэг өөрийн дотоод тамыг харуулсан аймшгийн аялал юм. Мөн ирээдүйд тархи ухамсраараа компьютерт холбогдох технологи ч хөндөгддөг.
Тархин доторх тамд зугтах хаалга үгүй. Уг тоглоомын онцлог бол
· Shinji Mikami-ийн классик survival
· Нууцлаг, гүнзгий сэтгэлзүйн сюжет
· Айдас төрүүлэм visuals, өвөрмөц мангас дизайн.
· Амьд гарахын төлөөх ширүүн тулаан, хомс нөөц.
Гарсан он: 2014
Хөгжүүлэгч: Shinji Mikami (Resident Evil-ийн эцэг) + Tango Gameworks
Төрөл: Survival horror, сэтгэлзүйн аймшиг
Платформ: PC, PS, Xbox
Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2025.6.29-нд JO JO хаягнаас Од мөндөр-ийнхэн группэд бичсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.











Comments