Team Vitality, Bigetron Esports-г худалдан авч, багийн нэрийг 'Bigetron by Vitality' болгон өөрчиллөө
- Masha Mnn
- May 16
- 2 min read
Францын цахим спортын байгууллага Team Vitality нь Индонезийн Bigetron Esports-ийг худалдан авснаа зарлалаа. Ингэснээр тус байгууллага Зүүн Өмнөд Ази болон гар утасны тоглоомын зах зээл рүү стратегийн тэлэлт хийж байна.
Энэхүү худалдан авалтын үр дүнд Bigetron-ийг “Bigetron by Vitality” болгон өөрчилж Team Vitality ирээдүйн гар утасны цахим спортын үйл ажиллагаандаа энэхүү брэндийг цогцоор нь нэгтгэх боломжтой юм.

Албан ёсны хэвлэлийн мэдээгээр, Team Vitality-н гар утасны тоглоомын зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэж, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хэрэглэгчдэд илүү ойр хүрэх боломжийг бий болгоно гэжээ. Team Vitality нь 2024 онд өөрийн бүрэлдэхүүнд Bigetron Esports-ийн эмэгтэйчүүдийн Mobile Legends: Bang Bang (MLBB) баг болох Bigetron Era-г нэгтгэсэн.

Team Vitality-н гол бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүдийн MLBB баг – Индонезийн Mobile Legends: Bang Bang Professional League (MPL ID)-д өрсөлддөг.
PUBG Mobile баг – 2024 оны дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцож байсан, 2019–2020 оны дэлхийн аваргын эзэд.
Free Fire баг – Free Fire World Series (FFWS) 2024 оны Индонезийн намрын улирлын аваргууд.
Honor of Kings баг – Шинээр байгуулагдсан Индонезийн Professional Honor of Kings League-ийн түнш баг.
Эмэгтэйчүүдийн MLBB баг – 2024 онд Vitality-ийн бүрэлдэхүүнд нэгдсэн баг.
Team Vitality-ийн Гүйцэтгэх захирал Nicolas Maurer:
“Bigetron Esports-г худалдан авч байгаагаа зарлах болсондоо бид маш их баяртай байна. Гар утасны тоглоом залуусын дунд түгэн дэлгэрч буй энэ үед цахим спортын ирээдүйг Team Vitality, Bigetron-ий удирдлагуудтай хамтран бий болгоход хувь нэмрээ оруулж байгаадаа бахархаж байна. Энэ нь бидний олон улсын тэлэлтийн чухал алхам бөгөөд дэлхийн шилдэг цахим спортын байгууллага болох зорилгодоо нэг алхам ойртож буй хэрэг юм” гэжээ.
Харин Bigetron Esports-ийн Гүйцэтгэх захирал Edwin Chia:
“Энэ нэгдэл нь алсын хараа, хамтын ажиллагаа, тууштай хүсэл тэмүүллээр дамжуулан тоглогчдыг урамшуулах, хүчирхэгжүүлэх гэсэн зорилгоос үүдэлтэй. Team Vitality-тай хамтран бид дэлхийн тавцанд Индонезийн цахим спортын авьяастнуудыг улам тод харуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Komentarai