MSC x MWI Mongolia Qualifier 2025 тэмцээний аваргууд тодорлоо
- purevdorjm3
- May 27
- 1 min read

Mobile Legends: Bang Bang гар утасны тоглоом жил ирэх тусам Монгол улсад улам ихээр хөгжиж, албан ёсоор испортын томоохон төрөл болсныг “ESN – eSports Network” болон “Moonton”-ий хамтын ажиллагаа дахин нэг удаа батлан харууллаа. Тэд жил бүр Монгол улсын баг тамирчдыг олон улсын тавцанд өрсөлдөх боломжоор ханган, Монгол дахь сонгон шалгаруулалтыг ёслол төгөлдөр хийдэг бөгөөд энэ нь MLBB тамирчдын ур чадвар, туршлагыг улам нэмэгдүүлэх томоохон үйл явдал болдог. Үүний нэг жишээ нь маш амжилттай, сонирхолтой болж өнгөрсөн “MSC x MWI Mongolia Qualifier” тэмцээн байлаа.

Энэ удаад MSC Wild Card руу эрэгтэй багийг явуулахаас гадна охидын MLBB багийг MWI тэмцээнд оролцох эрхийг олгосон нь маш том онцлох үйл явдал байв. Монголын эмэгтэй MLBB-ийн хувьд анхны арена дахь том тэмцээн “MWI Mongolia Qualifier” байсан бөгөөд финалын шатад “The MongolZ Pink” болон “WAOW GG” багууд тунан үлдэж, 4:2-ийн харьцаатай “WAOW GG” баг өрсөлдөгчөө буулган авсан юм. Ийнхүү тэд анх удаа Монгол Улсаа төлөөлөн “MWI (MLBB Women's Invitational) 2025” тэмцээний үндсэн шатад өрсөлдөхөөр боллоо. Тэмцээний “MVP” тоглогчоор Gold Laner Rikka тодров.

Харин эрэгтэй багийн хувьд “ESN – eSports Network”-ийн сүүлийн хоёр тэмцээнд дараалан финалдаж, 1:1 харьцаатай байсан The MongolZ, IHC Esports багууд дахин шалгарч, энэ удаа хожил “The MongolZ” багийн талд 4:1 харьцаатай шийдэгдэв. Тэмцээний “MVP”-ээр “The MongolZ” багийн Gold Laner Rynx K тодорсон юм. Ингэснээр тэд энэ жилийн “MSC (Mid Season Cup) 2025” тэмцээний “Wild Card” шатад анх удаа өрсөлдөх болж байна.

MSC 2025 тэмцээний Wild Card шат Саудын Арабын Рияад хотод 07-р сарын 10-нд эхлэх бөгөөд нийт 8 баг өрсөлдөж, зөвхөн нэг баг тэмцээнээ цааш үргэлжлүүлэх бол эмэгтэй багуудын өрсөлдөх “MWI 2025” тэмцээн 07-р сарын 15-наас зохион байгуулагдана. Тэмцээний шууд дамжуулалтыг “ESN – eSports Network” албан ёсны эрхтэй өөрсдийн Facebook болон Youtube хуудас, мөн Premier Sports Network 5 сувгаар хүргэх тул Монгол багаа хамтдаа дэмжин үзээрэй.
Comments