Esports World Cup: Level Up нэртэй баримтат цуврал тун удахгүй
- Masha Mnn
- 3 days ago
- 2 min read
Amazon Prime Video-оос 2024 оны анхны Esports World Cup-ийн арын амьдралыг харуулсан таван ангит баримтат цуврал тун удахгүй гаргах гэж байна.

Энэхүү томоохон тэмцээнд League of Legends, Counter-Strike, Call of Duty зэрэг 22 өөр төрөл багтсан бөгөөд нийт 62.5 сая долларын (ойролцоогоор 46 сая фунт) шагналын сантай билээ.
“Esports World Cup: Level Up” нэртэй баримтат цувралын эхний анги 2025 оны 6-р сарын 6-ны Баасан гарагт нээлтээ хийнэ. Харин дараа дараагийн ангиуд долоо хоног бүр цацагдах юм.
Хэн, хэрхэн бүтээв?
Энэхүү цувралыг Sony Pictures Television-ийн баримтат киноны салбар студи ‘This Machine’ бүтээсэн бөгөөд Emmy шагналт найруулагч R.J. Cutler найруулсан. Мөн тэрээр “Elton John: Never Too Late” баримтат киног найруулж байсан туршлагатай.
“Level Up” цуврал нь “verité” буюу бодит байдлыг камерын нүдээр харуулах хэв маягаар хийгдсэн. Энэ нь тэмцээн болж буй Рияад хотын дүрслэл, мөн дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй e-sports тамирчдын гэрт очсон бичлэгүүдтэй хосолж гарах юм.
Гол баатрууд, түүхүүд
Цувралд гарах гол баатруудын зарим нь аль хэдийн тодорхой болжээ.
Тэдний нэг нь яах аргагүй League of Legends-ийн домогт тоглогч, Lee ‘Faker’ Sang-hyeok юм. Түүнийг e-sports-ийн түүхэн дэх хамгийн амжилттай тоглогч хэмээн үздэг.
Мөн Natus Vincere (NaVi) багийн гүйцэтгэх захирал Yevhen Zolotarov-ын талаар гарна. NAVI энэ жил LEC лигт нэгдэх талаар цуурхал тарсан бөгөөд баримтат цувралд ОХУ Украин руу хийсэн дайны нөлөө түүний амьдралд хэрхэн туссан тухай харуулна.
Mobile Legends: Bang Bang тоглоомын 19 настай мэргэжлийн тоглогч Sanford ‘Sanford’ Vinuya-гийн түүх гарна. Түүний түүх ихэнх тоглогчдын түүхээс онцлогтой. Тэрээр аав нь харвалтад орсны дараа гэр бүлээ тэжээхийн тулд мэргэжлийн тоглогч болсон байна.
Мөн Call of Duty-ийн Atlanta FaZe багийн тоглогч Zack ‘Drazah’ Jordan-ийн бага нас, Аляска, Хойд туйлын ойролцоо өсч томорсон тухай өгүүлнэ.
Найруулагчийн үг
Найруулагч R.J. Cutler хэлэхдээ:
“Level Up” бол зөвхөн аваргын төлөөх тулаан, шагналын сангийн тухай биш. Энэ бол эдгээр тамирчдын зориг, зүтгэл, шантралгүй тэмцлийн тухай. 60 сая долларын төлөө өрсөлдөж буй эдгээр тоглогчдын жинхэнэ хүн чанар нь ил гарна.
“Level Up” цуврал нь зөвхөн e-sports сонирхогчдод бус, хүн бүрт урам зориг өгч чадах хувь хүний түүх, хичээл зүтгэлийн баримтат болж чадна гэж итгэж байна. Энэ зун таны Prime Video-оос үзэх онц сонирхолтой шинэ контентуудын нэг нь болох нь гарцаагүй юм.