ANIMO Festival 2026: Монголын анимэйшн, gaming, косплэй, IP бүтээгчид нэг дор цуглав
Анимэйшн, комикс, gaming, косплэй болон дүр бүтээлтийн уран бүтээлчид, сонирхогчдыг нэг дор цуглуулсан ANIMO Festival 2026 есдүгээр сарын 12-13-нд AIC Steppe Arena-д болж өндөрлөлөө.
Монголын Анимэйшний Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг фестиваль энэ жил хүрээгээ тэлж, анимэйшнээс гадна видео тоглоом, комикс, косплэй, character design, art toy болон оюуны өмчийн чиглэлийн уран бүтээлчид, студи, контент бүтээгчдийг нэг дор цуглуулснаараа онцлог байв.
Хоёр өдрийн турш шинэ бүтээлүүдийн танилцуулга, хэлэлцүүлэг, кино үзвэр, косплэй болон бүтээлч уралдаан, gaming хөтөлбөрүүд зохион байгуулагдлаа.
Монголын косплэйчид нэгдэж байна
Фестивалийн үеэр Moncoste буюу Монголын косплэйчид Монголын Анимэйшний Холбоонд элсэж байгаагаа зарлав.
Косплэй нь зөвхөн дуртай дүрийнхээ хувцсыг өмсөхөөс илүүтэй дизайн, гар урлал, нүүр будалт, тайзны жүжиглэлт зэрэг олон ур чадвар шаарддаг бүтээлч салбар болон хөгжиж байгааг оролцогчид харууллаа. Нэг косплэй бүтээхэд наад зах нь хоёр, гурван сарын хөдөлмөр шаарддаг талаар The International 2026 оны аварга Chinbalus ярилаа. The International-ийн үеэр зохион байгуулагдсан косплэй тэмцээнүүдэд оролцсон туршлага, амжилтынхаа талаар фестивалийн үзэгчидтэй хуваалцав.
Косплэй тэмцээний оролцогчид өөрсдийн урласан хувцас, хэрэглэлээ танилцуулаад зогсохгүй сонгосон дүрээ тайзан дээр жүжиглэн үзүүлсэн нь фестивалийн онцлох хэсгүүдийн нэг байлаа.

Gaming хөтөлбөрийн хүрээнд контент бүтээгчид Lexor, Gremix, Хорлоо, Kai, Karma нар Монгол залуусын бүтээсэн Carnival Hunt видео тоглоомыг тайзан дээр тоглон үзүүлж, celebrity match зохион байгууллаа.
YouTuber Gremix буюу М.Ганбаяр мөн контент бүтээж, стрийм хийж эхэлснийхээ 10 жилийн ойг тохиолдуулан Gremix дүрээ бие даасан IP болгон хөгжүүлж буйгаа танилцуулав. Тэрээр Labubu зэрэг character-based бүтээгдэхүүний хөгжлөөс санаа авч, өөрийн дүрийг зөвхөн цахим контентоор хязгаарлахгүйгээр цааш хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэ нь Монголын контент бүтээгчид өөрсдийн нэр, дүр, үзэгчдийн хүрээг зөвхөн сошиал медиа контентоос гадна оюуны өмч, character IP болон бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжийг харуулсан сонирхолтой жишээ байлаа.
Монголын IP-г хэрхэн хөгжүүлэх вэ?
ANIMO Festival 2026-ын нэг чухал сэдэв нь оюуны өмч болон Монголд бүтээгдсэн дүр, бүтээлийг тогтвортой IP болгон хөгжүүлэх асуудал байв.
Энэ хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэгт Nomad Toys-ийн Э.Түвшинтөр, Мазаалай Юниверсал ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Хулан нар оролцож, бүтээлч үйлдвэрлэл, дүр хөгжүүлэлт болон оюуны өмчийн талаар ярилцлаа.
Монголын түүх, соёлын өвийг дижитал контент, character design, art toy, VR болон бусад шинэ хэлбэрээр олон нийтэд хүргэх боломж ч фестивалийн үеэр хөндөгдсөн юм.
Монгол анимэйшний шинэ бүтээлүүд
Монголын анимэйшн студи, уран бүтээлчид хөгжүүлж буй хэд хэдэн шинэ төслөө фестивалийн үеэр танилцуулав.
Ufilm студи “Amira” нэртэй бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээж байгаа талаараа мэдээлсэн бол “Номио ба Бацаан” хүүхэлдэйн бүтээлийг мөн үзэгчдэд танилцууллаа. Тус бүтээлийн контентууд нийтдээ 234 сая гаруй үзэлтэд хүрсэн талаар фестивалийн үеэр дурдсан юм.
Мөн “Khan Tastic” бүтээлийн танилцуулга хийгдэж, Монголын анимэйшн бүтээгчдийн шинэ төслүүд үзэгчдэд хүрлээ.
Өнгөрсөн жилийн ANIMO-ийн үеэр хэсэг залуус нэгдэн “Цасхан” хүүхэлдэйн киног бүтээж байсан нь фестиваль шинэ уран бүтээлчдийг хооронд нь холбож, хамтарсан бүтээл бий болгох талбар болж байгааг харуулсан жишээ юм.
Энэ жилийн фестиваль олон улсын хөтөлбөртэй байснаараа мөн онцлог байлаа.
Японы “Jaadugar: A Witch’s life in Mongol” анимэ бүтээлийн эхний гурван ангийг ANIMO Festival 2026-ын үеэр үзүүлж, бүтээл хэрхэн бүтсэн талаар тусгай панел хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт Asahi TV -ийн продюсер Kazuki Endo оролцож, бүтээл хэрхэн бий болсон талаар ярьсан бол найруулагч Abel Góngora-гийн мэндчилгээг мөн үзэгчдэд хүргэсэн байна.
Монголыг үйл явдлынхаа гол орчноор сонгосон олон улсын анимэ бүтээлийг Улаанбаатарын үзэгчдэд ийнхүү танилцуулсан нь фестивалийн олон улсын хамтын ажиллагааны нэг онцлох хэсэг болов.
Эх сурвалж: Steppe Arena
Шилдэг бүтээлүүдээ шалгаруулав
ANIMO Festival 2026-ын төгсгөлд Оны шилдэг уран бүтээлч, бүтээлүүдийг шалгарууллаа.
Art Toy төрөлд Г.Азжаргалын “Minuger”, Game Design төрөлд Э.Хулангийн “Etugen”, Short Animation төрөлд Бадамхандын “Айдас” бүтээл тус тус шалгарсан байна.
72 цагийн дотор анимэйшн бүтээх төрөлд Б.Шинэтөрийн бүтээл шалгарч, шагналыг манай улсын хүүхэлдэйн киноны төрөлд дөч шахам жил бүтээлээ туурвиж буй “Боролдой” студийн Мягмар гардуулав.
Комиксын төрөлд Б.Мөнхбилэгийн “Янгирын ишиг Өөнөө” бүтээл шилдгээр шалгарч, Японы Nippon Designer School-д гурван жил суралцах, ойролцоогоор 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий сургалтын тэтгэлгийн эзэн болсон байна.
Фестивалийн хамгийн хүндтэй шагналыг “Сонирхолтой математик” номын зураач Нямдорж хүртлээ.
Косплэйн төрөлд шилдэг баг бүрэлдэхүүнээр Artez, шилдэг косплэйгээр Rei шалгарлаа.
ANIMO Festival 2026-ын хоёр өдрийн хөтөлбөрөөс харахад Монголын анимэйшний салбар зөвхөн хүүхэлдэйн кино бүтээх хүрээнээс хэдийн тэлжээ.
Косплэйчид мэргэжлийн нэгдэлд орж, YouTuber өөрийн дүрээ IP болгон хөгжүүлж, Монголын game developer-ууд тоглоомоо олон нийтэд туршуулж, art toy болон комиксын уран бүтээлчид бүтээлээ бүтээгдэхүүн болгохыг зорьж байна. Үүний зэрэгцээ Монголтой холбоотой олон улсын анимэ бүтээлүүд дотоодын үзэгчдэд хүрч эхэлжээ.
Ийнхүү ANIMO нь анимэйшн сонирхогчдын фестивалиас илүүтэй анимэйшн, gaming, комикс, косплэй болон оюуны өмчид суурилсан Монголын бүтээлч үйлдвэрлэлийн төлөөллүүдийг холбох талбар болон хүрээгээ тэлж, дараа жилийн наадмын зохион байгуулагчаар “Nomad toys”-ийн Э.Түвшинтөрийг томилжээ.







Comments