Call of Duty League яагаад нуран унав? Франчайз системийн сургамж
- Ariunzayat Yunren
- 8 minutes ago
- 3 min read
Зургаан жилийн өмнө Call of Duty League (CDL) цахим спортын ирээдүй мэт харагдаж байв. Хотуудад суурилсан багууд, олон сая долларын франчайз эрх, өндөр цалинтай тоглогчид, томоохон хөрөнгө оруулагчид гэх мэт. Гэвч 2026 он гэхэд зарим тоглогчид хамгийн бага цалинтай гэрээ байгуулж, зарим нь “шилжилтийн” хураамжаа өөрөө төлөх хэмжээнд хүрээд байна. Тэгвэл юу өөрчлөгдөв?

Esportsinsider.com дээр гарсан From $1.5M contracts to players paying their own $2K transfer fees, a damning indictment of the Call of Duty League economics нийтлэлээс сэдэвлэв.
Франчайз системийн мөрөөдөл
2010-аад оны сүүлээр Overwatch League болон Call of Duty League нь NBA, NFL зэрэг уламжлалт спортын франчайз загварыг цахим спортод нутагшуулахыг зорьсон. Санаа нь маш энгийн.
Багууд байнгын эрхтэй байна.
Тоглочдын хувьд байнгын бэлтгэл сургуулилттай байна.
Хасагдах эрсдэлгүй.
Хөрөнгө оруулагчид урт хугацаанд мөнгө оруулна.
Хотуудад суурилсан үнэнч хөгжөөн дэмжигчид бий болно.
Тухайн үед CDL-д (Call of Duty League) орох эрхийн үнэ ойролцоогоор 25 сая ам.доллар хүрч байсан нь цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр франчайз үнэлгээ байлаа.
Олон хүн үүнийг цахим спортын дараагийн том алхам гэж харж байв.
Бодит байдал өөрөөр эргэв
Гэвч бодит байдал хүлээлтээс өөр байсан.
Үзэгчдийн тоо тогтвортой өссөнгүй. Ивээн тэтгэгчдийн хувьд орлого хүссэн хэмжээнд хүрсэнгүй. Үүнээс гадна хүн төрөлхтөний түүхэнд том ул мөр үлдээсэн цар тахал ч бас нөлөөлөв. Цахим спортын салбарын хөрөнгө оруулалт 2022 оноос эхлэн огцом саарч, "Esports Winter" буюу цахим спортын хувьд “жиндүүхэн” үе эхэлсэн.
Үүний үр дүнд:
Багууд төсвөө танав.
Тоглогчдын цалин буурав.
Байгууллагууд салбараасаа гарав.
Лигийн үнэ цэнэ унав.
CDL-ийн анхны жилүүдэд тоглогчид өндөр цалин, томоохон гэрээ байгуулдаг байсан бол өнөөдөр нөхцөл байдал эрс өөр болжээ.
Нэг сая долларын гэрээнээс 2,000 долларын маргаан хүртэл
CDL-ийн уналтыг харуулах хамгийн тод жишээ бол тоглогчдын зах зээл юм.
2022 онд New York Subliners баг Францын супер од 'HyDra'-г авч үлдэхийн тулд гурван жилийн хугацаатай 1.5 сая ам.долларын гэрээ санал болгож байсан талаар мэдээлж байв.
Харин 2026 онд Esports Insider-ийн мэдээлснээр Cloud9 байгууллага Tier 2 тоглогч Jason ‘Wevy’ Medina-ийг шилжүүлэх асуудлаар ердөө хэдхэн мянган долларын buyout дээр маргалдаж, эцэст нь тоглогчийн ирээдүйд авах шагналын мөнгөнөөс нь суутгах хэлбэрээр асуудлыг шийджээ.
Нэгэн цагт сая долларын гэрээнүүд яригдаж байсан лиг өнөөдөр хэдхэн мянган долларын асуудал дээр төвлөрөх болсон нь CDL-ийн эдийн засаг (economics) хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна.
Хаалттай системийн сул тал
CDL-ийн хамгийн том асуудал нь хаалттай бүтэц байв.
Шинэ багууд амжилтаараа дээд түвшинд хүрэх боломжгүй.
Жижиг байгууллагууд мөрөөдлөөрөө лигт орох боломжгүй.
Бүх үнэ цэнэ нэг лигийн эргэн тойронд төвлөрсөн.
Тиймээс лигийн эдийн засаг асуудалд ороход бүх экосистем хамтдаа доройтсон. SpaceStation Gaming-ийн гүйцэтгэх захирал Shawn "Unit" Pellerin хүртэл CDL-ийн лицензийг судалж үзээд хөрөнгө гэхээсээ илүү өр төлбөр мэт санагдсан гэж ярьсан байдаг.
CS2 болон Dota2 яагаад өөр байна вэ?
Counter-Strike 2 огт өөр зарчмаар ажилладаг.
Valve бүх тэмцээнийг өөрөө зохион байгуулдаггүй. Харин ESL, BLAST, PGL, FISSURE, Skyesports, YaLLa Esports эрэг олон оператор зэрэгцэн тэмцээн зохион байгуулдаг.
Нэг тэмцээн эсвэл нэг оператор асуудалд орлоо гэхэд бүх экосистем сүйрдэггүй.
Үүнээс гадна ямар ч баг дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх боломж нь нээлттэй байдаг.
The MongolZ-ийн түүх үүний тод жишээ юм. Монголын баг бүс нутгийн тэмцээнүүдээс эхэлж дэлхийн тавцанд гарч чадсан нь нээлттэй экосистемийн давуу талыг харуулдаг.
Dota 2 өмнө нь DPC системээр төвлөрсөн бүтэцтэй байсан ч Valve аажмаар уг системээс татгалзсан. Өнөөдөр: PGL, ESL, FISSURE, BLAST зэрэг олон операторууд зэрэгцэн ажиллаж байна. Зах зээл өөрөө өрсөлдөж, өөрөө хөгжих боломжтой болжээ.
CDL-ийн үлдээсэн сургамж
2020 онд байгууллагууд CDL-д орохын тулд 25 сая доллар төлж байсан лигийн систем, 2026 онд зарим тоглогчид шилжилтийн хураамжаа өөрсдөө шийдэх хэмжээнд хүрээд байна.
Энэ бол зөвхөн Call of Duty-ийн асуудал биш. Энэ нь цахим спортын төрлүүд цаашид ямар хэлбэрээр, ямар замаар хөгжиж уламжлалт спортын өнөөгийн түвшинд хүрэх вэ гэдэг асуудал юм.
Хаалттай франчайз систем үү, эсвэл нээлттэй экосистем үү?
Өнөөдрийн байдлаар Call of Duty League-ийн түүх нэг зүйлийг тодорхой харуулж байна. Хөрөнгө оруулалт, тогтвортой байдал амлаж байсан франчайз загвар бодит орлого, үзэгчдийн өсөлтөөр дэмжигдэхгүй бол маш эмзэг бүтэц болж хувирдаг.
Харин эмх замбараагүй мэт харагддаг нээлттэй экосистем шинэ багууд, шинэ зах зээлүүд, шинэ боломжуудыг үргэлж бий болгож байдаг.
CDL-ийн уналт бол нэг лигийн түүх биш. Энэ нь цахим спортын ирээдүй ямар байх ёстой вэ гэсэн асуултын хамгийн том сургамжуудын нэг болж байна.







Comments