The MongolZ баг дэлхийн шилдэг болов. Гэхдээ...
- Ariunzayat Yunren
- Sep 16
- 3 min read
Цахим спортын тулгын гурван чулууны нэг (миний хэлэх дуртай үг) Counter-Strike 2 (CS2) нь багуудын чансааг тодорхойлохдоо хоёр өөр системийг хэрэглэдэг.
Нэг нь CS2 төрлийн мэдээллийн сайт HLTV.org-аас долоо хоног бүр шинэчлэгдэн гардаг HLTV World Ranking, нөгөөх нь тухайн тоглооомын хөгжүүлэгч Valve-ийн албан ёсны Valve Regional Standings (VRS) юм. Хоёул адилхан чансаа мэт харагдавч зорилго, хэрэглээ, ач холбогдлын хувьд эрс ялгаатай. Манай улсын The Mongolz баг дэлхийн шилдэг болсон нь VRS чансаагаар, харин hltv-ийн чансаагаар хоёрт байгаа юм.
HLTV World Ranking гэж юу вэ?
HLTV.org-ын гаргадаг чансаа нь дэлхийн бүх багуудын тухайн үеийн (тухайн долоо хоногийн) хэр байгааг харуулах зорилготой.
Тооцох аргачлал: Том жижиг тэмцээн, LAN болон онлайн, бүс нутгийн лиг гээд бараг бүх үр дүнгүүд тооцогдоно.
Шалгуур үзүүлэлтүүд:
Тэмцээний ач холбогдол (Tier-1 тэмцээн мэдээж илүү жинтэй).
Өрсөлдөгчийн чансаа.
Багийн бүрэлдэхүүний тогтвортой байдал.
Шинээр байр ахисан бол үр дүнд илүү их ач холбогдол өгөх.
Шинэчлэгдэх давтамж: Долоо хоног бүр, ихэвчлэн Даваа гаригт.
Хэрэглээ: Фэнүүд, шинжээчид, медиа байгууллагууд “ямар баг одоогийн байдлаар хамгийн хүчтэй вэ?” гэдгийг мэдэхэд ашигладаг.
HLTV Ranking бол ил тод, тогтмол шинэчлэгддэг тул фэнүүд, медиа, комментаторуудын дунд хамгийн түгээмэл хэрэглэгддэг.
Valve Regional Standings (VRS) гэж юу вэ?
Valve-ын албан ёсны систем болох VRS нь зөвхөн Major тэмцээний эрх, урилга шийдэхэд зориулагдсан.
Үр дүн тооцдог хүрээ: Зөвхөн Valve-аар баталгаажсан тэмцээнүүд (BLAST, ESL зэрэг Major-той холбоотой тэмцээнүүд).
Шалгуур үзүүлэлтүүд:
Албан ёсны тэмцээнээс авсан оноо.
Оноог бүс нутгаар тооцдог (Европ, Америк, Ази гэх мэт).
Шинэчлэгддэг давтамж: Зөвхөн албан ёсны тэмцээний дараа.
Хэрэглээ: Major-ын урилга болон RMR эрхийн шийдвэрт ашиглагдана.
Valve Ranking (VRS) бол давтамж нь хол, зөвхөн Major тэмцээний эрх, урилга шийдэхэд зориулагдсан тул өдөр тутам ашиглахад хангалттай мэдээлэл өгдөггүй.
VRS (Valve Regional Standings)-ийн түүх
2023 оны сүүлээр / 2024 оны эхээр Valve CS2-г гаргасны дараа Major-ын эрхийн системээ шинэчилсэн.
Өмнө нь багууд Major-д орохын тулд зөвхөн RMR тэмцээн тоглодог байсан бол, одоо RMR + VRS оноо хослуулан шийдэх болсон.
Valve нь Regional Standings (VRS) тогтолцоог нэвтрүүлснээр томоохон, албан ёсоор баталсан тэмцээнүүдийн үр дүнг Major-т оролцох урилгыг шийдэхэд ашиглах боломж бүрдсэн юм.
Яагаад хэрэгтэй болсон бэ?
Фенүүд болон багуудад шударга систем хэрэгтэй болсон.
Заримдаа нэг удаагийн RMR-д баг муу тогловол Major эрхээс шууд мултардаг байсан.
VRS-ийн оноо цуглуулснаар багууд жилийн турш тогтвортой сайн тоглож байвал Major-д орох боломж нь баталгаатай болно.
Том тэмцээнүүдийн ач холбогдлыг нэмэгдүүлэх.
BLAST, ESL зэрэг томоохон лигүүдийг Valve албан ёсоор баталгаажуулснаар тэдний тэмцээний үнэ цэнэ өссөн.
Энэ нь багуудыг илүү тогтмол өрсөлдөхөд түлхэц болсон.
Бүс нутгийн тэнцвэр.
VRS оноо бүс нутгаар (Европ, Америк, Ази гэх мэт) тооцогдох тул жижиг бүс нутгийн багууд Major-д хүрэх илүү шударга боломжтой болсон.
The MongolZ
The MongolZ олон улсын томоохон тэмцээнүүдэд дараах амжилтуудыг гаргажээ.
· 2025 оны наймдугаар сарын 24-нд тэд Esports World Cup 2025 тэмцээнд аваргалж, финалд 3:0-ээр ялалт байгуулан $500,000-ын шагнал хүртэв.
· Түүнээс долоо хоногийн өмнө буюу 2025 оны наймдугаар сарын 17-нд The MongolZ BLAST Bounty Fall 2025 тэмцээнд финалд шалгарч, хоёрдугаар байрыг эзэлсэн.
· 2025 оны зургаадугаар сарын 22-нд тэд дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох BLAST.tv Austin Major 2025-д финалд шалгарч, хоёрдугаар байр эзэлж $170,000-ын шагналын эзэн болов.
· 2025 оны хоёрдугаар сарын 8-нд The MongolZ Польшийн Катовиц хотноо болсон Intel Extreme Masters Katowice 2025 тэмцээнд шөвгийн дөрөвт үлдсэн.
· 2024 оны арваннэгдүгээр сарын 3-нд тэд Thunderpick World Championship 2024 тэмцээнд түрүүлж, аваргын цом болон $500,000-ын шагнал хүртэв.
· 2024 оны долоодугаар сарын 28-нд Энэтхэгийн Бангалор хотод болсон Skyesports Championship 2024 тэмцээнд финалд шалгарч, хоёрдугаар байр эзэлжээ.
· 2024 оны зургаадугаар сарын 9-нд баг нь YaLLa Compass 2024 тэмцээнд аваргалж, $200,000 хожсон.
· Үүнээс долоо хоногийн өмнө, 2024 оны зургаадугаар сарын 2-нд The MongolZ өөрийн нутгийн тэмцээн болох MESA Nomadic Masters Spring 2024-д түрүүлсэн.
Comments