top of page

Esports World Cup 2025 тэмцээнийг өмнөх жилтэй харьцуулбал

Саудын Арабын Рияд хотноо болж буй Esports World Cup 2025 тэмцээнийг өнгөрсөн жилийнхээсээ олон талаараа ялгарч байна. Шинэ төрлүүд, өмнөх жилээс илүү шагналын сан, дэлхийн супер оддын оролцоотойгоор 2025 оны тэмцээн өндөрлөх дөхөж байна.  

Шагналын сан

  • 2024 он: 23 төрлийн тэмцээн, нийт 62.5 сая ам.доллар.

  • 2025 он: Нийт 70+ сая ам.доллар, 26 төрлийн тэмцээнтэйгээр цахим спортын түүхэнд хамгийн том шагналын сантай тэмцээн боллоо.

Шинэ төрлүүд нэмэгдлээ

Энэ жил 25 төрлийн цахим спортын тоглоом багтсан бөгөөд шинээр:

  • Valorant (Riot Games-тэй 3 жилийн хамтын ажиллагаа)

  • Шатар (Chess.com-оор дамжуулан, Магнус Карлсен, Хикару Накамура нарын оролцоотой)

  • Crossfire; Naraka: Bladepoint;  Fatal Fury:City of the Wolves

Харин 2024 онд байсан Fortnite, Strinova гэх мэт тоглоомууд энэ жил оролцоогүй.

Богино хугацаанд илүү өргөн хүрээтэй

  • 2024 он: 8 долоо хоног (7-р сарын 3 – 8-р сарын 25)

  • 2025 он: 7 долоо хоног (7-р сарын 8 – 8-р сарын 24), гэхдээ илүү олон тоглолт, нягт шахуу хуваарийн дагуу явагдаж байна.

Дэлхийн супер оддын оролцоо

  • Хөлбөмбөгийн домогт тоглогч Кристиано Роналдо Esports World Cup-ийн Албан ёсны элч боллоо.

  • Мөн шатрын дэлхийн аварга Магнус Карлсен, Иан Непомняшчи нар элчийн багт нэгдлээ.

Клубын хөтөлбөрийн өргөтгөл

  • 2024 он: 30 клуб багтсан.

  • 2025 он: 40 клуб хамрагдсанаар цахим спортын илүү олон байгууллагууд санхүүгийн дэмжлэг авч, олон улсад нэр хүнд нь нэмэгдэх боломжтой.

Esports World Cup 2025 тэмцээнийг шинэ форматаар явуулж байна.

Club Championship нь илүү өндөр өрсөлдөөнтэй болсон бөгөөд клубүүд олон төрөлд өндөр амжилт гаргаж байж чансаандаа оноо цуглуулна. Харин League of Legends, Teamfight Tactics, PUBG Mobile зэрэг тоглоомууд илүү боловсронгуй тэмцээний бүтэцтэйгээр зохион байгуулагдаж байна.

 Тэмцээний түүхээс

Gamers8

Саудын Арабын Цахим спортын Холбоо 2017 оноос нэлээд томоохон арга хэмжээнүүд, тэмцээн, лигийг зохиож байгаад, 2022 онд анх удаа Gamers8 олон улсын тэмцээнийг эхэлсэн.

2022 оны Gamers8 арга хэмжээ нь 8-р сарын 18-20-ны хооронд Саудын Араб улсад 12 сая доллар гаруй шагналын сантайгаар зохиогдож байсан.

2023 оны Gamers8 арга хэмжээ нь  8-р сарын 16-20-ны хооронд Саудын Арабын Рийяд хотод The Land of Heroes  уриан дор 45 сая долларын шагналын сантайгаар зохиогдож байсан.


Esports World Cup гэж юу вэ?

Саудын Арабын засгийн газраас цахим спортыг хөгжүүлэх 2030 он хүртэлх нэлээд өргөн хүрээтэй, өндөр өртөгтэй цахим спортын арга хэмжээ, тэмцээн, лиг, цахим спортын дэлхийн төв болохоор зорьж байгаа билээ.

2023 оны 10-р сард засгийн газраас санхүүжих Esports World Cup санг байгуулж, 2022 оноос зохиож байсан Gamers8 арга хэмжээг Esports World Cup нэрийн доор үргэжлүүлэх болсон.

Киддия мега төсөл

Esports World Cup сан нь Саудын Арабын үл хөдлөх хөрөнгийн Киддия мега төсөлтэй хамтрах гурван жилийн гэрээний үр дүнд Киддия цахим спортын дүүрэг босгож, эндээ Esports World Cup тэмцээнийг зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ, Elite Player Lounge-д , Esports Arena-г шинээр барьсан. Энэ төслийн тухай яриа аль хэдийн 2019 онд эхэлсэн гэж хэвлэлүүдэд бичжээ.  Киддия нь үүнээс гадна Саудын Арабын цахим спортын “Vision 2030” хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Энэ сарын эхээр цахим спортын тэмцээнийг зохион байгуулагч ESL FACEIT групп Саудын Арабын Киддия Сити мега төсөлтэй таван жилийн гэрээ байгуулсан. Саудын Арабын засгийн газрын дэмжлэгтэй Savvy Games Group компани нь 2022 онд компаниудаа нэгтгэснээс хойш ESL FACEIT группийг мөн эзэмшдэг.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page