top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Уламжлалт спортоос цахим спорт

Спортын гарал үүсэл олон мянган жилийн тэртээгээс үүдэлтэй бөгөөд бараг бүх соёл иргэншилд өөрийн ул мөрөө үлдээжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний амьдралын хэв маягийн нэг хэсэг болж улмаар тэр нь уламжлалт спорт болсон. Сэргэн мандалтын үед биеийн тамирын дасгал, спортын үнэ цэнэ улам нэмэгдэж байжээ. 19-20-р зуунд зүгээр нэг дасгал байхаа больж, зохион байгуулалтанд орж, тогтмол зохиодог тэмцээн болж, яс үндэстэн үл харгалзан нэгэн хотлыг бий болгож эхлэв. Спорт нь эрт дээр үед Грект бурхдад хүндэтгэл үзүүлэх, бие бялдрын төгс байдал, ур чадварыг харуулах зорилгоор Олимпийн наадам бий болж, эртний Ром дахь гладиаторуудын тулаан нь олон түмнийг баясгах нэг хэлбэр байж.

Тэр ч бүү хэл аль нэг улсын, үндэстэний байхаа больж, улам бүр хүрээгээ тэлж, жижиг тэмцээнээс аймаг, улс, бүс, тив дамнасан тэмцээн, лигтэй болж хөгжсөөр байна.

Жирийн нэг видео тоглоом спорт болсоныг илэрхийлсэн ахны баримт нь 1972 онд зохиогдсон "Галактик хоорондын сансрын дайны аварга шалгаруулах тэмцээн" байв.

Цахим спортын үндэс нь компьютер, видео тоглоомын эхэн үеэс улбаатай, харин жинхэнэ өсөлт нь 1990-ээд оноос эхлэн интернеттэй холбоотой. "Counter-Strike", "StarCraft", дараа нь "League of Legends" гэх мэт видео тоглоомууд цахим спортын үндсийг тавьж дэлхий нийтийн үзэгдэл болгосон.

Ингэж технологи спортын шинэ соёлыг бий болгосон нь цахим спорт байв. 21-р зуун цахим спортын хувьд хувьсгал авчирсан.

Тэгвэл 2010-аад оноос  Хойд Америк, Европ болон дэлхийн бусад орнууд өөрсдийн гэсэн лигтэй болсоноор, салбарт урьд өмнө байгаагүй эдийн засаг, нэр хүнд, хамрах хүрээ, тэлэлт өсөлтийг авчирсан. Цахим спортын хил хязгаараас огт хамаардаггүй онцлог нь интернет л байвал, энэ дэлхийн аль ч цэгээс хэн нэгэн тоглогч дэлхийн аварга болох боломжийг нээж өгчээ.

Хөгжлийн шалтгаан

Түүний хурдтай хөгжил уламжлалт спортынхны хараанаас мултарсангүй. Учир нь дараах хэдэн зүйлс нөлөөлж байв.  

  • Шинэ залуу үзэгчид цахим спортын төрлүүдийг илүү үзэх болсон. League of Legends төрлийн дэлхийн аваргын тоглолтын үзэгчид АНУ-ын үндэсний спорт Super Bowl-аас илүү олон.

  • 2024 он гэхэд цахим спортын үзэгчдийн тоо 600 сая гаруй болох нь тодорхой боллоо. Зарим уламжлалт спортод үзэгчийн тоогоор хүрэхгүй ч өсөлтийн хурд нь өндөр.  

  • Үзэгчид их байхын хэрээр тэнд хамтын ажиллагаа, зар сурталчилгаа үзвэр үйлчилгээ зэрэг эдийн засгийн эргэлт бий болсон.

  • Биеийн тамираар хичээллэдэггүй залууст спортын өөр хэлбэр байж болдог гэдгийг хэлж ойлгуулж хүүхэд, залуучууд цахим спорт руу хошуурч байна.

  • Цоо шинэ үйлчлүүлэгчид, оролцогчид бий болсоныг спортын бооцоот сайтууд олж харан, ийшээгээ маш их хөрөнгө хаяж байна.

  • Цахим спортын тэмцээнд заавал биеэр оролцох албагүй учир тархалт, оролцоо, хүрээгээ тэлэх алтан боломжийг бий болгож байна.

  • Технологийн хөгжил энэ салбарыг өөрийн мэдэлгүй улам олны хүртээл болгож байна.

Ижил шинж тэмдгүүд

Хөгжөөн дэмжигчид. Аль ч спортод хөгжөөн дэмжигчид бол амин сүнс нь юм. Тэд өрсөлдөөнтэй, ур чадвар шаардсан, жинхэнэ “гал гарсан” тоглолтуудыг үзэх дуртай. Тэгж байж гэмээнэ  өөрсдийн дуртай баг, тоглогчидтойгоо аль ч хэлбэрээр салшгүй холбогдож байдаг. Тэд биетээр ч, цахимаар ч цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, бараа бүтээгдэхүүн худалдан авч, дуртай баг, тоглогчдынхоо тоглолтыг үзэж ,  тасалбар борлуулах, телевизийн эрх, ивээн тэтгэх гэх мэт энэ хоёр салбарыг мөнгөний эргэлттэй болгосон.

Спортын бооцоо. Аль нь ч спортын бооцоог орлогын эх үүсвэрээ болгодог. Шинэ залуу үе ахмад үетэйгээ зэрэгцэн бооцооны талбарт орж ирдэг болсон.

Хичээл зүтгэл. Спортоор хичээллэхийн тулд ямар их цаг хугацаа, хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилт шаардагддагийг хамгийн өндөр түвшинд тоглож үзсэн хэн бүхэн мэднэ. Цахим спорт ч мөн адил.  Хэдийгээр гадаа талбай дээр, спортын зааланд дасгал сургуулилтаа биечлэн хийдэггүй ч хамгийн өндөр түвшинд тоглохын тулд ур чадвараа дээшлүүлж, гүйцэтгэлээ сайжруулахын тулд олон жилийн бэлтгэл, сахилга бат шаардагддаг.

Багаар ажиллах. Уламжлалт спорт болон цахим спортын олон төрөл нь багаар ажиллахад чиглэдэг. Хэдийгээр ганцаараа тоглодог ч арын алба, багийнхан нь амжилтанд хүрэхийн тулд зөв стратеги, харилцаа холбоо, хамтын ажиллагааны бүхий л ажлыг гүйцэтгэдэг.

Сургалт ба академи. Уламжлалт спорт болон цахим спортын аль алиных нь санал болгож буй сонирхол, эдийн засгийн боломжуудыг харгалзан олон байгууллагууд тусгай хөтөлбөр, сургалтуудыг санал болгож эхэлсэн. Дэлхийн их дээд сургуулиуд уламжлалт спортоор хичээллэдэгтэй адил цахим спортод тэтгэлэг олгодог болсон.

Ялгаатай шинж тэмдгүүд

Цахим спортын өсөлт нь уламжлалт спортод ч ихээхэн нөлөөлж хүмүүсийн спортоор хичээллэх хандлагыг өөрчилсөн.

Дасгал сургуулилт. Уламжлалт спортууд ихэвчлэн биеийн тамирын дасгал сургуулилтанд анхаарлаа хандуулдаг. Тамирчин хүнд тэсвэр хатуужил, хүч чадал, ур чадвар шаардагддаг. Тэд бие махбодоо хамгийн сайнаар гүйцэтгэж, өрсөлдөгчөө ялахын тулд дасгалжуулдаг.

Цахим спортын тамирчид гол анхаарлаа оюун ухааны ур чадварт хандуулдаг. Хурдан хариу үйлдэл үзүүлэх хугацаа, стратегийн сэтгэлгээ, өндөр төвлөрөл нь энд маш чухал юм. Энэ нь цахим спортын тамирчдад бие бялдрын хөгжил шаардлагагүй гэсэн үг биш юм.  Мэргэжлийн тоглогчид органик эрүүл хооллож, бие бялдрын чийрэгжүүлэх нь тэдний оюун санааны гүйцэтгэлд чухал ач холбогдолтой.

Бизнесийн модел. Уламжлалт спорт бол лиг, багууд нь тэмцээнээ зохиож, тэмцээний тасалбар, хамтын ажиллагаа, зар сурталчилгаа гэх мэт үндсэн орлогын эх үүсвэр  болдог бизнесийн модел байдаг бол, цахим спортод тоглоом хөгжүүлэгч нийтлэгч нь гол шийдвэр гаргагч, орлогын хураагч байдаг.

Зохицуулалт, зохион байгуулалт. Уламжлалт спорт нь ихэвчлэн зохицуулах, зохион байгуулах үүрэг бүхий байгууллага, холбоодтой байдаг. Эдгээр бүтэц нь аварга шалгаруулах тэмцээний дүрэм журмаа тогтоож, спортын тухай хуулийг мөрдөж, өөрөөр хэлбэл эрх зүйн орчин нь тодорхой.

Цахим спорт нь харьцангуй шинэ үзэгдэл тул бат бөх зохион байгуулалттай байдаггүй. Сүүлийн жилүүдэд олон мэргэжлийн лиг, холбоод бий болсон ч байнга хөгжиж, өөрчлөгдсөөр байна. Цахим спорт нь аль болох тогтсон дүрэмтэй болж, эрх зүйн орчинг бүрдүүлэх гэж хичээсээр ажилласаар байна.

Хамгийн түгээмэл төрөл

2023 оны 6-р сард (Investorideas.com Newswire) гаргасан судалгаагаар

NBA 2K

NBA 2K бол Америкийн хамгийн алдартай спортын видео тоглоом юм.

NBA 2k сүүлийн 12 сарын хугацаанд дэлхийн 31 мужид хамгийн их хайлт хийсэн тоглоомоор шалгарч, Америкийн хамгийн алдартай спортын видео тоглоом болсон нь энэ тоо баримтаас харагдаж байна. Энэхүү тоглоомыг Массачусетс, Калифорниа, Нью-Йорк хотуудад хамгийн их байдаг.

Madden NFL

Madden NFL бол Америкт алдартай өөр нэг спортын видео тоглоом бөгөөд нэр хүндээрээ хоёрдугаарт ордог. Мэдээллийн дагуу тоглоом нь 20 мужид хайлтаар нэгдүгээрт, 23 мужид хоёрдугаарт оржээ. Энэ нь Делавэр, Охайо, Мэрилэнд мужуудад хамгийн алдартай.

FIFA

FIFA бол дэлхий даяар алдартай спортын видео тоглоом бөгөөд Америкт ч бас ихээхэн шүтэн бишрэгчтэй. Энэ нь АНУ-ын 33 мужид хамгийн их хайлтын хэмжээтэйгээр гуравдугаарт ордог спортын тоглоом юм. Иллинойс, Нью Жерси, Орегон зэрэг мужуудад хамгийн түгээмэл байдаг.

MLB The Show

Major League Baseball (MLB) Энэхүү шоу нь спортын видео тоглоомуудын ертөнцөд ихээхэн алдартай болсон. Америкт хамгийн алдартай спортын видео тоглоомын дөрөв дэх байр суурийг эзэлдэг. Энэхүү эрэмбийг тоглоомын хайлтын хэмжээнд үндэслэн гаргасан бөгөөд энэ нь 37 мужид дөрөвдүгээрт бичигддэг. Үүнээс гадна энэ нь арван мужид хамгийн их хайгдсан гурав дахь тоглоом юм.

EA NHL

NHL бол Америкт хамгийн алдартай тав дахь спортын видео тоглоом юм. Энэ нь 24 мужид дөрөв дэх хамгийн алдартай. Энэхүү тоглоом нь тоглогчдод өөрсдийн дуртай NHL баг эсвэл тоглогчийн дүрд тоглох боломжийг олгож, тэднийг хоккейн виртуал ертөнцөд умбуулах боломжийг олгодог.

Хамтын ажиллагаа
  • 2010-аад оноос эхлэн уламжлалт спортууд өөрсдийн гэсэн цахим спортын хувилбаруудтай болох нь тодорхой болжээ.

  • 2017 онд АНУ Үндэсний хөлбөмбөгийн лиг анхны Мадден  цахим спортын тэмцээнийг эхлүүлсэн нь том бөгөөд эхний алхам байжээ.

  • Нэг жилийн дараа Формула 1 "F1 Esports Series"-ийг эхлүүлсэн бөгөөд 63,827 жолооч сонгон шалгаруулалтын шатанд өрсөлдсөн.

  • 2018 онд Үндэсний Сагсан Бөмбөгийн холбоо NBA 2K лиг зарласнаар жинхэнэ шуугиан дэгдээж, NBA-ын 17 баг тус бүр өөрсөдтэйгээ яг ижил, нутгийн дэвжээ байгууллагаа илэрхийлсэн  цахим спортын тоглогчдыг бий болгоход хөрөнгө оруулалт хийсэн. Шинэ цахим спортын лигийг эхлүүлэхийн тулд NBA уламжлалт драфтаар бүх зүйлийг зохицуулж байжээ. Үүнээс хойш лиг 24 баг болж өргөжин, үзэгчдийн тоо нэмэгдсээр байна.

  • 2018 онд Major League Soccer eMLS Cup, 2018 онд Үндэсний хоккейн лиг NHL тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эхлүүлж, Бейсболын дээд лиг MLB esports гээд ар араасаа цуварч эхэлсэн.  

Түүгээр ч зогсохгүй спортын одод баг, байгууллагууд нэлээд их хөрөнгө оруулалт хийж  цахим сспортын салбарт нэвтэрч, эзэмжшигч болж байна

Үүнд Guild Esports-ын хамтран эзэмшигч Дэвид Бекхэм, Unikrn-ийн хөрөнгө оруулагч Марк Кубан, Team SoloMid-ийн хөрөнгө оруулагч Стеф Карри, Team Liquid-ийн хамтран эзэмшигч Мэжик Жонсон, Boston Rise up багийн эзэн Роберт Крафт болон бусад хүмүүс багтаж байна.

FC Bayern Munich эсвэл FC Schalke 04 зэрэг олон клубууд өөрсдийн цахим спортын багийг байгуулсан эсвэл одоо байгаа багуудыг ивээн тэтгэдэг. Энэ нь уламжлалт спортын ертөнцөд цахим спорт улам бүр хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулахаас гадна хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж өгч байна. Өмнө нь биеийн тамирын дасгал сургуулилтад төвлөрч байсан уламжлалт спортын брэндүүд цахим спортыг  хүлээн зөвшөөрсөн. Adidas, Nike зэрэг компаниуд аль хэдийн цахим спортын багуудтай түншлэл байгуулж, тоглоомчдод зориулсан тусгай бүтээгдэхүүнээ боловсруулжээ.

Манай улсад хэрхэн хөгжиж байна вэ?

Дэлхий нийтэд хурдацтай хөгжиж байгаа NBA 2K цахим сагсан бөмбөгийн төрлөөр хичээллэгч залуусыг нэгтгэх, өргөжүүлэх, хөгжүүлэх, улмаар тэдний дундаас Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцуулах зорилгоор Монголын Цахим Сагсан бөмбөгийн Холбоо /МЦСБХ/ 2022 оны 6-р сард байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлээд байна.

МЦСБХ нь үйл ажиллагааныхаа хүрээнд МСБХ-ны Үндэсний дээд лигийн тэмцээнд оролцож буй багуудын хүрээнд Монголын анхны Цахим сагсан бөмбөгийн дээд лигийг 10,000,000 төгрөгийн шагналын сантайгаар зохиож байсан.

Цахим дээд лиг 3 сар орчмын хугацаанд үргэлжилж, баг тус бүр улирлын 15 тоглолтыг хийж, плэйофф Best of 5 зарчмаар явагдан аваргаа шалгарууллаа.

Анхны лигийн аваргаар М Гарьд баг шалгарсан бол дэд аваргаар IHC Apes баг тодорчээ. Анхны цахим дээд лигт тоглосон тоглогчдоос статистик амжилтанд үндэслэн улсын шигшээ багийг бүрдүүлж Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гийн дэргэдэх eFIBA цахим сагсан бөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролсон.

NBA сонирхогчдын дунд түгээмэл тоглогддог 2К тоглоомын анхны хувилбар нь 1999 онд зөвхөн Dreamcast дээр тоглож болдог хувилбараар Allen Iverson-ы ковертойгоор танилцуулагдаж байжээ. Улмаар 2К1 хэмээх хувилбар нь 2000 ондгарснаас хойш өдгөө 2К23 хувилбар 2022 оны 09 сарын 09-ны өдөр дэлхий даяар нээлтээ хийгээд байна. Уг тоглоомын хамгийн өргөн хэрэглэгддэг консол болох Playstation дээрх тоглоом дээр дэлхий даяар цөөнгүй улсад Цахим лиг зохион байгуулагддаг бөгөөд эдгээрээс хамгийн их үзэгчтэй нь Америкийн “NBA 2К League” юм.  Тухайн үед 2К тоглоомын My Career төрлөөр тоглодог Монгол тоглогчид 10 хүрэхгүй байсан бол өнөөдрийн байдлаар уг төрлөөр тогтмол хичээллэж буй тоглогчид 30 орчим, цаашлаад бүртгэл үүсгэнхичээллэж эхэлж байгаа тамирчдыг оролцуулбал 50 гаран тоглогчтой болж өргөжжээ.

Энэ оны лигийн тэмцээнд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү.


уламжлалт спортоос цахим спорт


Уламжлалт спорт ч, цахим спорт ч өөр өөрийн гэсэн давуу талтай, онцлогтой. Хамтран ажиллаж, харилцан суралцсанаар хоёр тал ашиг тус хүртэж, хөгжиж чадна.

 

תגובות


Related Posts

bottom of page