top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монгол залуус видео тоглоом хийжээ.


Энэ бичвэрийг 2020.3.04-нд бичжээ.


Монгол залуус видео тоглоом хийжээ.

Энэ мэдээ гараад нэлээд удаж байгаамаа. Өмнө нь ч манайхан видео тоглоом хийсэн сураг гардаг л байсан. Тэгвэл юугаараа бусдаас онцлог вэ?

Манайхан 2D format-аар “Fragile” indie game хөгжүүлж, Steam platform дээр upload хийгээд kickstarter-аас crowd-funding хүсжээ.

60 орчим хувь нь англи үгнүүд орсон энэ өгүүлбэрийг Танд тайлбарлах гэсэн юм.

INDIE GAME– independent гэдэг үгнээс гаралтай; Valve, Blizzard Activization, Zynga гэх мэт том хөгжүүлэгч компаниудаас гадна, бие даасан хөгжүүлэгч нар ганц хоёроороо, жижиг багаар тоглоом хийж зах зээлд гаргахыг INDIE GAME гэдэг.

2D гэдэг нь Graphic design-ий хувьд тоглоомын бусдад харагдах байдал, өнгө, зураглал, дүрсийн шилжилт, хөдөлгөөний чанар зэргийг илэрхийлдэг үзүүлэлт.

STEAM PLATFORM- 2003 онд тоглоом хөгжүүлэгч Valve компанийн санаачилснаар контент үйлдвэрлэлт, олон нийтийн сүлжээ, видео нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлдэг, дэлхийн хамгийн том видео тоглоомын талбар юм. Одоогийн байдлаар сар бүр 95 сая идэвхитэй хэрэглэгчид энэхүү талбар дээр байршсан 40 мянга гаруй тоглоомыг тоглож, жилд дунджаар 4.3 тэрбум америк долларын тоглоомын худалдан авалт хийдэг гэнэдээ.

KICKSTARTER нь тоглоом хөгжүүлэгч, зураач, зохиолч, хөгжимчин гэх мэт уран бүтээлчид хөрөнгө олох зорилгоор өөрсдийн бүтээл, төслөө тодорхой нөхцлийн дагуу танилцуулж; сонирхсон хүмүүс хөрөнгө оруулж, төсөл бүрэн дууссаны дараа хувь хүртэх, эсвэл хөнгөлөлттэй нөхцлөөр тухайн төслөөс үйлчилгээ авдаг. Хатуу шалгууртай энэ талбар дээр төслөө байршуулах нь бас яггүй даваа бололтой.

Тоглоом хөгжүүлэх нь кино хийхдээ бараг л адилхан. Санаагаа олно, зохиолоо бичнэ, дүрээ гаргана, дүрийнхээ хэлэх үгийг бэлдэнэ, тайзны засалт орчны зураглалыг гаргана, за тэгээд нөгөө дүрүүдээ хувцаслана гэх мэт. Энэ бүхний хажуугаар хөгжмөө зохионо. Кино бол зохиогчийн бичсэн зохиолын дагуу үйл явдал хэрхэн өрнөхийг хөндлөнгөөс харж, үзэгч бид өөрсдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэн, үүнээсээ улбаалан кино таалагдсан эсэхээ шийддэг.

Харин видео тоглоомын тоглогчид гол дүрүүдийн хувь заяаг, зохиолын өрнөл төгсгөлийг өөрийнхөөрөө өөрчилж чадна. Энд л хамаг ялгаа оршино. Тоглогчид зохиолд гарсан аливаа эгзэгтэй асуудлуудыг шийдэхийн тулд өөрөө сонголт хийх болдог. Хэрвээ баруун тийшээ эргэх байсныг зүүн тийшээ эргээд явчвал өрнөл төгсгөл өөр болж, тоглогчийн гүйцэтгэх үүрэг ч тэс ондоо болдог. Харин энэ хэсгийг нь бодож боловсруулж, тоглогчдыг зохиолын эзэн болгох ажлыг хийдэг хүмүүс нь тоглоом хөгжүүлэгчид. Товчхондоо бол ийм. Энэнээс цааш миний мэдэх зүйл үндсэндээ дуусч байнаа л гэсэн үг.

Харин одоо “FRAGILE” тоглоомын тухай хүргэе.“Оннц дүмд” хүүхэлдэйн цуврал киног гаргаж байсан “Beer Night Studio” долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ тоглоомыг хөгжүүлжээ.

Манай улсад төдийгүй дэлхий даяар нийгмийн эмзэг сэдэв болох хүүхдийн хулгайн хэргийн талаар өгүүлсэн зохиолтой, аймшгийн төрлийн тоглоом. Гол дүрийн 10 настай жижигхэн охины сэтгэл зүйн өөрчлөлт, айдас, эргэлзээ, баяр хөөр, шийдвэр гаргах чадвар зэрэг нь яг л тэр хүүхдийнхээр; тэр хүүхдийн нүдээр орчныг харуулж, тэр хүүхдийн сэтгэхүйгээр бодож хийжээ.

Манай залуус тоглоомоо “Unreal Engine” гэх программ дээр хийсэн тул дүрслэл, хөдөлгөөний чанар нь өндөр юм байна.

Монгол хэл дээр хийгдсэн учир гадаад тоглогчдын хувьд шинэ авиа дуу чимээ болж, хэрвээ хүсвэл англи, орос, хятад, солонгос, япон, франц, герман хэл дээр хадмал орчуулгын тусламжтайгаар тоглоно гэхийг бодоход хэлний хувьд нэлээд цаг, хичээл зүтгэл гаргасан нь илт.

Indie төрлийн тоглоом нь зах зээлийн ширүүн өрсөлдөөнөөс санхүүжүүлэгч, тоглогчид, influencer-үүдээ олж, асар хурдан өөрчлөгдөж байдаг хэрэглэгчид (тоглогчид)-ийн шаардлагат нийцүүлэх болдог. Тийм ч учраас бараг 98%-нь санхүүжилтгүйгээр төслөө эхлүүлдэг. Манайхан ч бас энэ замыг тойрсонгүй. Kickstarter дээр төслөө танилцуулсан боловч санасан хэмжээндээ хүртэл санхүүжилт босгож чадсангүй. Гэхдээ залуус төслөө дуусганаа, хамаг хүч чадлаа шавхнаа л гэсэн байна лээ.

Миний хувьд цахим спортын арга хэмжээнд чадлын хэрээр л оролцдог болхоор овоо туршлагажин, тухайн арга хэмжээнд юунд илүү анхаарлаа хандуулах вэ гэж нэлээд бэлтгэлтэй очдог болоод байгаа. 2018 оны Twitchcon-д яаж ч яваад юм хөгжүүлэгчдийн хэлэлцүүлэг рүү орчихсон би ярьж байгааг нь ойлгох гэж хичээгээд хүчрээгүй түүхтэй.

Харин энэ оны 2-р сарын 21-23-нд АНУ-ын Калифорни мужийн Анахэйм хотод болсон DreamHack-д очихдоо INDIE гэдэг үгийг толгойдоо нэлээд сайн суулгаж, үүнтэй холбоотой болгоны хажуугаар хоёр хоног эргэлдсэний эцэст бас ч үгүй гар хоосонгүй ирлээ.

Удахгүй та бүхэнд тэдгээр indie нар юу хийгээд байдгийг өөрийн нүдээр харсан тухайгаа бас хүргэх болно.

 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

Recent Posts

bottom of page