VP баг Chimera Esports-ийн тоглогчдыг элсүүлж, Dota 2-ийн бүрэлдэхүүнээ шинэчиллээ
- Masha Mnn
- Mar 31
- 2 min read
Dota 2-ийн түүхэн дэх хамгийн алдартай, амжилттай багуудын нэг болох VP шинэ бүрэлдэхүүнээр эргэн ирэхээр болжээ.

Зүүн Европын Virtus.pro (VP) баг Chimera Esports-ийн тоглогчдыг элсүүлж, Dota 2-ийн бүрэлдэхүүнээ бүрэн шинэчилснээ зарлалаа. Үүний зэрэгцээ, багийн өмнөх бүрэлдэхүүнээс үлдсэн Ilya “Squad1x” Kuvaldin болон Evgeniy “Noticed” Ignatenko нарыг сэлгээнд суулгав. Энэхүү шинэчлэл DreamLeague Season 26 тэмцээний сонгон шалгаруулалтын өмнөхөн хийгдсэн байна.
VP-ийн шинэ Dota 2 бүрэлдэхүүн:
Aybek “TA2000” Tokayev
Artem “Lorenof” Melnick
Nikita “Daxak” Kuzmin
Ivan “OneJey” Zhivitsky
Vladislav “Rein” Kosygin
Virtus.pro баг Chimera Esports-ийн тоглогчдыг элсүүлэв
Virtus.pro нь Dota 2-ийн ертөнцөд нэр хүндтэй баг бөгөөд 2017-2021 оны хооронд томоохон тэмцээнүүдэд түрүүлж, шагналт байруудад тогтмол орж байсан. Гэвч 2023 оны The International тэмцээнд Топ 8-д орсноос хойш багийн гүйцэтгэл огцом буурч, ямар ч амжилт гаргаж чадаагүй. 2025 оны нэгдүгээр сард багийнхан шалгаруулалтын шатаас дээшилж чадаагүй бөгөөд түүнээс хойш мэргэжлийн тэмцээнүүдээс сураг тасраад байлаа.
Сүүлийн хэдэн жилийн турш хэлбэлзэлтэй тоглолт үзүүлж байсан Virtus.pro багийн хувьд шинэчлэл хийх цаг нь хэдийнээ болсон. Тиймээс багийн Dota 2-ийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь шинэчлэх шийдвэр гаргаж, багийн шинэ удирдагчаар Georgy “drAmer” Faleev-г томиллоо.
Virtus.pro-ийн шинэ бүрэлдэхүүнд орсон тоглогчид нь хоорондын уялдаа сайтай бөгөөд өмнө нь Chimera Esports багийн нэрийн дор тоглож, DreamLeague Season 25 тэмцээнд Топ 4-д шалгарч байжээ.
Багийн бүрэлдэхүүн дэх тоглогчдын тухай:
Carry тоглогч "TA2000" нь 2023 онд Quest Esports багийн бүрэлдэхүүнд багтаж, Bali Major тэмцээнд 4-р байр, Riyadh Masters 2023 тэмцээнд Топ 8-д шалгарсан тоглогч юм.
Mid laner "Lorenof" 22-хон настай хэдий ч Aurora Gaming, Tundra Esports зэрэг Tier 1 багуудад тоглож байсан арвин туршлагатай. Харин "Daxak" нь 2017-2019 онд Gambit Esports багийн гол тоглогч байсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн багийг дамжин тоглосон туршлагатай.
Багийн support тоглогчид болох "OneJey" болон "Rein" нар өмнө нь L1GA TEAM, One Move багуудад тоглож байсан туршлагатай Tier 2 түвшний тоглогчид юм. "OneJey" өмнө нь Chimera Esports-ийн бүрэлдэхүүнд байсан бол "Rein" багийн шинэ гишүүн болж нэгдэж байна.
DreamLeague Season 26-д өөр бүсэд өрсөлдөх VP баг
VP нь Зүүн Европын баг боловч энэ удаад Middle East and Southwest Asia (MESWA) бүсийн хаалттай шалгаруулалтад оролцохоор болжээ. Баг DreamLeague Season 26 тэмцээний энэ бүсийн шууд урилгатай багуудын нэг болсон бөгөөд Nigma Galaxy, Winter Bear зэрэг бүс нутгийн шилдэг багуудтай өрсөлдөх юм. Шалгаруулалт 4-р сарын 1-нээс эхлэх аж.
Comentários