top of page

Trash talk цахим спортын хэсэг мөн үү?

Саяхан болсон нэгэн тэмцээн дээр гадаадын тамирчин манай тамирчин хүү рүү дайрч давшлахад Монголчууд бид өөрийн эрхгүй цахим спортын trash talk- д татагдан орж, би хүртэл trash talk хэрэглэн амандаа бувтнаж суулаа. Харин бид хүний хэлсэн trash talk-ийг зэвүүцэж байх явцдаа зарим нь бүүр cyber bullying хийж байгаагаа ч мэдсэнгүй. #trashtalk #esports

Уламжлал буюу Уламжлалт спорт

Манай үндэсний спортын төрөл: бөх, сур, морин уралдаанд trash talk тийм ч их биш. Нөгөөтэйгүүр бид Ази үндэстэн учраас илүү дотогшоо, ихэнхи тохиолдолд сэтгэл хөдлөлөө дотроо барьж чаддаг ард түмэн.

Уламжлалт спортын хувьд бокс, хөл бөмбөг, хокей хамгийн их; харин гольф, шатар, уран гулгалт зэрэг нь хамгийн бага trash talk-тэй гэж үздэг юм байна.

Цахим спортын нэг хэсэг мөн үү?

Trash talk-ийг хэн хэрэглэдэг вэ?

Тоглогчид хэрэглэдэг.

Үзэгчид, хөгжөөн дэмжигчид хэрэглэдэг.

Багийнхан хоорондоо хэрэглэдэг.

Тэмцээний тайлбарлагчид, нэвтрүүлэгчид хэрэглэдэг. Гэхдээ trash talk нь дараах шинж тэмдэгүүдтэй.

· Өрсөлдөгчийнхөө “уурыг нь хүргэж, уушгийг нь сагсайлгаж”, дарамт учруулдаг. Энэ бол тактик.

· Өрсөлдөгчийнхөө хорыг малтаж, эсвэл эсрэг багийн дэмжигчдээ “хорон” үгээр утдаг.

· Өөрийнхөө ур чадварыг гайхуулж өрсөлдөгчөөсөө хавь илүү гэдгээ харуулан “аархаж” хэрэглэдэг.

· “Өмхий үг”-ээр утаад байхаар нь бас хариу утаж хэлдэг.

· Олон юм яриад, онгироод байвал хариуд нь хөөрхөн “чимхээд” авч болдог.

· Өрсөлдөгч талдаа төдийгүй өөртөө зориулж ялагдчихвал “ёж үг” хэрэглэж болдог.

· “Загнаж, зандрах” маягаар багийнхнаа идэвхжүүлэх гэж бас хэрэглэдэг.

· Найз нөхдийн дунд “онгирч”, тэмцээнд өрсөлдөж байхдаа “дайруулж” хэрэглэх ч арга байдаг.

Ингэж бодвол яах аргагүй нэг хэсэг нь мөн. Хамгийн түгээмэл нь үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн бие биенээ дайрч давшилсан хэллэг, зарим нь бүүр зодоон цохиондоо ч хүрнэ.

Trash talk-ийг хэрэглэхгүй байж болох уу?

Trash talk хэрэглээгүй эсвэл хэрэглэгдэггүй тэмцээний тоглолт үзэх нь эгээ л давсгүй хоолтой адилхан байдаг ч...

· Гэртээ хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа тоглох үедээ хэрэглэхгүй байсан нь дээр.

· Амаараа “хүн доош” нь хийж байснаас амжилтаараа доош нь хийвэл дээр.

· Гэхдээ өрсөлдөгч чинь чиний “өдөөн хатгалтанд” орохгүй байгаа бол шууд зогсоосон нь дээр.

· Хэрвээ чиний “хошигнож” байгаа нь үзэгчдэд таалагдахгүй бол дуугай байсан нь дээр.

· “Дайруулж, даапаалж” хэлсэн ч насны зөрүү хэд вэ гэдгээ бодоод, хөгшин нь ч залуу нь ч үгээ татсан нь дээр.

· Өрсөлдөгч баг, тамирчны ёс заншлыг сайн мэдэхгүй бол амаа татаад чимээгүй л байсан нь дээр.

· Хэрвээ чамд, чиний хүүхэд рүү хэн нэгэн ингэж хэлбэл яах вэ гэдгийг; чиний аархал нь бусдын хувьд доромжлол байх вий гэдгийг бодоод үзээрэй.

Trash talk ямар тохиолдолд cyber bullying болдог вэ?

· Хүнийг хүйс, гадаад төрх, арьсны өнгө, үндэстэн, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоор нь дайрч доромжилж хэрхэвч болохгүй.

· Видео тоглоом тоглогчдын 40 орчим хувийг охид эмэгтэйчүүд эзэлдэг тул cyber bully-д их өртөмтгий бас их эмзэг байдаг. Тийм учраас ямар ч тохиолдолд, бүүр ямар ч тохиолдолд эмэгтэй тоглогчид, үзэгчид рүү дайрж давшилж болохгүй.

· Тухай үеийн нийгмийн амьдралд гарч ирсэн үг хэллэг, хандлагыг хэрэглэхдээ маш болгоомжтой байх ёстой.

· Ялагдсан ч өрсөлдөгчдөө амжилт хүсэн баяр хүргэж, шаардлагатай бол уучлалт гуйх хэрэгтэй. Мэргэжлийн тамирчин болно гэдгээ, мэргэжлийн тамирчин гэдгээ, хэзээ ч мартаж болохгүй.

 

Цахим спорт нь хилний хязгааргүй ч улс үндэстний хэл, ёс заншлын ялгаа байдаг. Нэг үндэстний (хэлний) энгийн хэллэг, үйлдэл нь нөгөө үндэстэнд эсрэг утгатай байж болно. Цахим орчинд түгээмэл байдаг нэр нүүрээ нууж бусдыг доромжилдог үзэгдэл энэ салбарыг тойрч гарахгүй.

Esportsnews.mn вэбсайт, esportsnewsmn Нүүр номын хуудсыг үүсгэн байгуулагчийн хувьд, манай багийн гишүүд цахим орчинд зөв байж, өөрсдийн платформаа бусдыг доромжилдог, бие биенээ муу муухай үгээр дайрдаг талбар болгочихгүйн тулд их хичээдэг. Бусад багууд, тамирчид, стриймерүүд, хуудаснууд энэ тал дээр анхаарах цаг болсон. Цахим спорт, видео тоглоомын салбар дөнгөж үүсч байгаа, хүнээр бол нялх хүүхэд л гэсэн үг. Тун удахгүй бидний амьдралын хэм хэмнэл болох учраас чиний, таны үр хүүхдүүд, дүү нарт ямар соёл ямар орчин үлдээх нь биднээс шалтгаална.

Шоглож хэлэх, Шордож хэлэх, Шоолж хэлэх бүгд ялгаатай.

Recent Posts

See All

Recent Posts

bottom of page