top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Esports World Cup буюу Цахим спортын Дэлхийн Цом тэмцээн

Сүүлийн үед цахим спорт, видео тоглоомын салбарынхан төдийгүй хэн бүхний анхаарал, сонирхлыг татаад байгаа цахим спортын олон төрөлт олон улсын тэмцээн бол яах аргагүй Esports World Cup буюу Цахим спортын Дэлхийн Цом-ын аваргын тэмцээн юм.

Тэмцээний тов

Урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөр шагналын мөнгө, цахим спортын олон төрлүүд нэг доор төвлөрч, дэлхийн шилдэг тоглогчид, багууд цуглан, Аваргын Цомыг хүртэх энэхүү арга хэмжээ өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэмцээний нээлттэй болон хаалттай шалгаруулалтуудаас гарсан баг тамирчид 7-р сарын 4-өөс 8-р сарын 24-ний хооронд Саудын Арабын Рийяд хотод өрсөлдөнө.

Тэмцээний шагналын сан

Шагналын сангийн задаргаа:

  • $30,000,000 шагналын санг цахим спортын төрлүүдэд

  • $20,000,000 шагналын санг клубуудын аварга шалгаруулахад

  • $7,600,000 шагналыг шалгаруулалтаас гарсан баг, тамирчдад

  • $1,100,000 шагналын MVP буюу шилдэг тоглогчдод

Цахим спортын төрлүүдийн аварга шалгаруулах тэмцээн. Дээр дурдсан 19 төрлөөр өрсөлдөх баг, тамирчид шагналын сангаас хүртэнэ. Esports World Cup сангийн мэдээлснээр шагналын сан 30 сая доллараас их байх магадлалтай.

Клубуудын аварга гэдэг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цахим спортын байгууллагууд хэд хэдэн төрөлд өрсөлдөн, тэмцээний нийт амжилтаар хамгийн сайн гүйцэтгэлтэй байгууллага шагналын сангаас хамгийн их хувийг хүртэх болно.

Үлдсэн шагналын санг тухайн тэмцээнд тэнцсэн баг болон тэмцээний туршид сайн тоглосон тоглогчдод олгоно. Эдгээр нь ойролцоогоор нийт 8.7 сая доллар болно.


Esports World Cup буюу Цахим спортын Дэлхийн Цом
Image: esportsnews.mn

Цахим спортын төрлүүд

Esports World Cup буюу Цахим спортын Дэлхийн Цом-ын аваргын тэмцээнд цахим спортын 19 төрлөөр дэлхийн шилдэг баг, тамирчид өрсөлдөнө.

  1. Counter-Strike 2

  2. Dota 2

  3. EAFC

  4. Apex Legends

  5. Fortnite

  6. Free Fire

  7. Honor of Kings

  8. League of Legends

  9. Mobile Legends Bang Bang

  10. Overwatch 2

  11. PUBG

  12. PUBG Mobile

  13. Rainbow Six

  14. Rocket League

  15. RENNSPORT (car race)

  16. StarCraft II

  17. Street Fighter 6

  18. Teamfight Tactics

  19. TEKKEN 8.

 Тэмцээний түүхээс

Gamers8

Саудын Арабын Цахим спортын Холбоо 2017 оноос нэлээд томоохон арга хэмжээнүүд, тэмцээн, лигийг зохиож байгаад, 2022 онд анх удаа Gamers8 олон улсын тэмцээнийг эхэлсэн.

2022 оны Gamers8 арга хэмжээ нь 8-р сарын 18-20-ны хооронд Саудын Араб улсад 12 сая доллар гаруй шагналын сантайгаар зохиогдож байсан.

2023 оны Gamers8 арга хэмжээ нь  8-р сарын 16-20-ны хооронд Саудын Арабын Рийяд хотод The Land of Heroes  уриан дор 45 сая долларын шагналын сантайгаар зохиогдож байсан.


Esports World Cup гэж юу вэ?

Саудын Арабын засгийн газраас цахим спортыг хөгжүүлэх 2030 он хүртэлх нэлээд өргөн хүрээтэй, өндөр өртөгтэй цахим спортын арга хэмжээ, тэмцээн, лиг, цахим спортын дэлхийн төв болохоор зорьж байгаа билээ.

2023 оны 10-р сард засгийн газраас санхүүжих Esports World Cup санг байгуулж, 2022 оноос зохиож байсан Gamers8 арга хэмжээг Esports World Cup нэрийн доор үргэжлүүлэх болсон.

Киддия мега төсөл

Esports World Cup сан нь Саудын Арабын үл хөдлөх хөрөнгийн Киддия мега төсөлтэй хамтрах гурван жилийн гэрээний үр дүнд Киддия цахим спортын дүүрэг босгож, эндээ Esports World Cup тэмцээнийг зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ, Elite Player Lounge-д , Esports Arena-г шинээр барьсан. Энэ төслийн тухай яриа аль хэдийн 2019 онд эхэлсэн гэж хэвлэлүүдэд бичжээ.  Киддия нь үүнээс гадна Саудын Арабын цахим спортын “Vision 2030” хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Энэ сарын эхээр цахим спортын тэмцээнийг зохион байгуулагч ESL FACEIT групп Саудын Арабын Киддия Сити мега төсөлтэй таван жилийн гэрээ байгуулсан. Саудын Арабын засгийн газрын дэмжлэгтэй Savvy Games Group компани нь 2022 онд компаниудаа нэгтгэснээс хойш ESL FACEIT группийг мөн эзэмшдэг.


Esports World Cup буюу Цахим спортын Дэлхийн Цом
Credit: Esports World Cup

Эмэгтэйчүүдийн төлөөлөл яах вэ?

Esports World Cup-ын талаарх албан ёсны мэдээлэлд эмэгтэйчүүдэд зориулсан ангилалын талаар дурдаагүй ч боломж байсаар байна. Одоогоор зөвхөн MLBB Women's Invitational 2024-ийг тодруулсан боловч дараагийн хоёр сарын хугацаанд илүү олон тэмцээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй байгаа тул эмэгтэйчүүдэд зориулсан шинэ арга хэмжээнүүд гарч магадгүй юм.

 


 

Esportsnews.mn уншигч та бүхэнд Цахим Спортын Дэлхийн Цомын төлөөх тэмцээний  мэдээллүүдийг цаг тухай бүрд нь хүргэж байх тул бидэнтэй хамт байгаарай.

Recent Posts

bottom of page