top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Хэрхэн цахим спортын баг бүрдүүлэх вэ?

Таван найз нийлээд зөвхөн өнөөдрийн, эсвэл тухайн нэгэн тэмцээнд зориулсан цахим спортын баг бүрдүүлдэг байсан үе өнгөрчээ.

Хөгжихийн хэрээр цахим спортын багийн хувьд мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулах, тамирчдын хувьд мэргэжлийн түвшинд тоглох шаардлага улам бүр нэмэгдсээр байна.

Багтай болно гэдэг нь бизнес эрхэлж байгаатай яг адилхан.

“Тамирчинд суурилсан биш, систем суурилсан, бүтцэнд суурилсан баг байгуулбал урт настай, өндөр ашигтай, амжилт арвинтай байна” гэдэг суурь ойлголтыг толгойноосоо ер салгаж болохгүй.

Мэдээж баг бүрдүүлэхэд хийх ажлын дараалал, төлөвлөгөө, төсөв, алсын зорилго гээд уртаас урт жагсаалт болох ч дараахь хэдэн ойлголтыг багцлан хүргэж байна.

Сонголт хийх
  • Таны эхний шийдвэр бол цахим спортын ямар төрлийн баг бүрдүүлэх вэ гэдэг сонголтын өмнө очих байх. Таны дуртай, тоглодог, чаддаг төрөл байх уу; илүү олон уралдаан тэмцээнтэй, илүү өрсөлдөөнтэй, илүү уян хатан, илүү олон жил наслахаар төрөл байх уу?

  • Цоо шинээр баг бүрдүүлээд явах уу, нэгэнт бий болсон багийг цааш нь аваад явах уу, эсвэл олон улсын лигийн бүрэлдэхүүнд байдаг франчайз маягийн баг бүрдүүлэх үү?

Брэндинг
  • Нэгэнт өөрийн багтай болсон тул үүндээ нэр өгнө. Энэ бол таны багийн дуудах нэр дуурсах алдар тул нэлээн бодож тунгааж байж, гадаад хүмүүс дуудахад амар, ойлгомжтой, бас цахим спортынх гэж мэдэгдэхээр cool байвал...

  • Тэр нэрийг олны нүдэнд харагдуулж, сануулж байх дүрслэл буюу багийн лого-той болно. Энэ бол билэг тэмдэг болно.

  • Нэгэнт бий болсон нэр, билэг тэмдгийг зах зээлд эргэлтэнд оруулахын тулд олны танил болгох маркетингийн төлөвлөгөө хийнэ.

  • Багийн тоглолт, тэмцээнд үзүүлэх амжилт нь брэндингийн салшгүй чухал хэсэг. Ингэж л өөрийн гэсэн хөгжөөн дэмжигчид, шүтэн бишрэгчидтэй болж, та нарын тухай тэдний яриа, дэмжлэг, санал бодол, тэр ч бүү хэл танай багийн тухай муугаар ярих нь хүртэл брэндинг болно.

  • Танай багийг олны танил болгоход чиглэсэн сошиал хаяг, вэбсайт, контент хамтын ажиллагаа, олныг хамарсан үйл явдлууд, таниулах тэмцээн уралдаан гээд хөвөрч өгнө.

  • Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарсан ямар ямар контент байж болохыг судлах хэрэгтэй. Уралдаан тэмцээнд оролцоод, томооохон хэвлэд ярилцлага өгөх нь хүртэл үнэ төлбөргүй сурталчилгаа юм.

Мөнгө

Хамгийн чухал, хамгийн хүнд, хамгийн их эрсдэлтэй.

  • Эхний ээлжинд баг бүрдүүлэхэд гарах зардлаа тооцож үзээрэй. Яг одоо байгаа санхүүгийн боломж буюу мөнгөөр хэмжиж болох боломж чадвар юу байна вэ гэдгиийг тооцно, мэдээж дээр нэрлэсэн брандинг зардлыг бас мартаж болохгүй.

  • Гэхдээ эхний ээлжинд бага зардлаар өмнөө тавьсан зорилгынхоо хэдэн хувьд хүрч болох вэ гэдгээ тооцох ёстой. Зардалд юу юу тусгах вэ гэж үү?

  • Чамд байхгүй бүхнийг бий болгоход зарцуулах мөнгө, байр, тоног төхөөрөмж, цалин, урсгал зардал, энэ бүгдийг бий болгодог цаг хугацаа өөрөө мөнгө юм.

  • Зардлын төлөвлөгөө гаргасны дараа зардлаа нөхөж олох, илүү ихийг олж ашигтай ажиллах боломж байгаа юу гэдгээ судална.

Ашигтай ажиллах буюу орлого олох хэлбэрүүд

Тэмцээний шагналын мөнгө. Дотоодын, гадаадын тэмцээнүүдэд оролцож амжилт үзүүлэх бүрд туршлага сууж, амжилт арвижиж, тэр хэрээр орлого нэмэгдэнэ.

Ивээн тэтгэлт, хамтын ажиллагаа

Танай багийн амжилт, хөгжөөн дэмжигчид, ирээдүйд гаргах амжилт, хамгийн гол хэр зэрэг тогтвортой вэ гэдгээс шалтгаалж бизнесийн хамтын ажиллагаа бий болно гэдгийг огт мартаж болохгүй. Хамтын ажиллагаа нь аль аль талдаа 50 50 хувийн ашиг өгөх нь маш чухал. Багаа байгуулсан цагаасаа эхэлж төлөвлөгөө гарга. Тэр төлөвлөгөөгөө хэрхэн мөрдөж байгаа билээ гэдгээ, амжилт ололт бүхнээ алдаа дутагдалтай нь хамт цаасан дээр буулгаж сурах. Энэ бол ахмад хүний хувьд зөвлөх зөвлөмж шүү. Ямар ч хамтын ажиллагаа эхлэхэд хүний өмнө үзүүлэх юмтай, статистикийн тоо баримттай, үүн дээрээ тулгуурласан дүгнэлттэй байх юм бол бусдад, хамтрагчиддаа итгэл үзүүлнэ гэсэн үг.

Зар сурталчилгааны орлого. Манай улсад сошиал платформуудаар дамжуулан орлого олох маш бага тул зар сурталчилгааны орлогот нэг их найдаад хэрэггүй байх.

Багийн бүтэц буюу тоглогчид.

Хэдийгээр “тамирчинд суурилсан” баг байж болохгүй гэж хамгийн эхэнд сануулсан ч тамирчид бол багийн тулгуур юм. Сайн тамирчинтай байж л тэмцээнд амжилттай оролцож, өндөр шагнал авна. Тэгж байж л ашигтай ажиллах эхний үүсвэр болно.  Гэтэл өндөр чансаатай тамирчид өндөр үнэтэй байх нь тодорхой.

Тэгвэл “бүтцэд суурилсан баг” гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Танай баг нэг, нэжгээд, нэлээд тамирчин орсон ч, гарсан ч  багийн бүтэц, систем нь байх ёстой. Үүний тулд тамирчны гүйцэтгэх үүрэг, сахилга бат, хөрвөх чанар, бие биенээ нөхөх, орлох чадвар, баг болж ажиллах чадвар зэрэг нь маш чухал.

  • Багийн тамирчидтэй байгуулах гэрээ нь хууль эрх зүйн бичиг баримтнаас гадна баг, тамирчин нэг зорилготой байгаа, зорилгодоо хүрэхэд ямар үйлдэл хийх ёстой, ямар үүрэг хариуцлага үүрэх ёстойг, зорилгодоо хүрсэн тохиолдолд ямар урамшуулал авах ёстой вэ зэргийг тодорхойлсон нэг ёсны харилцан тохиролцооны баталгаа юм.

  • Нэг тамирчин багаас гарлаа гэхэд, гаргалаа гэхэд дараагийн тоглогч бэлэн байх, шинэ тамирчин ирэхэд байгууллагын бүтцэдээ уусган авч өөрийн болгон авах чадвар, маневр хийх хурд зэргийг бүтэц буюу системд суурилсан гэж нэрлээд байгаа юм.

  • Ур чадвар, сурах авьяас, бие даах чадвар, багаар ажиллах чадвар энэ бүгдийг хослуулсан супер тамирчин олдохгүй ч үүнийг зөв бүтэц, зөв систем бий болгох боломжтой.


Цахим спортын баг
The MongolZ. ESL Challenger Atlanta. 2023.

Багийн бүтэц буюу багийн эзэн.

Бизнес сэтгэлгээ багийн эзэнд байх ёстой. Магадгүй та зодог тайлсан тамирчин, эсвэл цахим спортын аль нэгэн төрлөөр тоглож байсан бол, эсвэл эцэг эх ч байсан, багийн эзний нуруун дээр хамаг ачаалал ирнэ. Эхний үед та багийн эзэн боловч, менежер, жолооч, зөөгч, тогооч, зохицуулагч, сэтгэл зүйч, дасгалжуулагч, аав ээж, цэвэрлэгч, бараа цуглуулагч күй ер нь байж болох бүхий л үүргийг гүйцэтгэх болно. Танд санхүүгийн боломж байгаа бол магадгүй бусад мэргэжилтэнүүдийг авч ажиллуулж болно.

Багийн бүтэц буюу дасгалжуулагч

Өнөөдрийн байдлаар ихэнх тохиолдолд зодог тайлсан тамирчид, IGL байсан тоглогчид, эсвэл арай нас ахуй нь дасгалжуулагч болох тохиолдол их байна. Өмнө хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлаад багийн дасгалжуулагч болох үзэгдэл шинээр бий болсон энэ салбарт түгээмэл.

Багийн бүтэц буюу бусад ажлын байр: менежер, сэтгэл зүйч, эмч, зөвлөх, хуульч, нягтлан, тогооч гэх мэт ажлын байруудын тухай яриа гарч эхэлсэн бол Таны баг амжилттай яваа гэсэн үг.

493 views0 comments

Comments


Related Posts

bottom of page