Team Spirit баг ACI хөтөлбөрөөс хасагдаж, 420,000 ам долларын бонусоо алдлаа
- Ariunzayat Yunren
- Jun 2
- 3 min read
ESL FACEIT Group (EFG)-ийн 2025-2026 оны Annual Club Incentive (ACI) буюу жилийн клубийн урамшууллын хөтөлбөрөөс Team Spirit баг албан ёсоор хасагдлаа. Ингэснээр тус багийн авах байсан 420,550 ам.долларын урамшуулал хүчингүй болж байна.

ESL FACEIT Group (EFG) нь ESL, FACEIT брэндүүдийг нэгтгэсэн дэлхийн хамгийн том цахим спортын байгууллагуудын нэг бөгөөд IEM, ESL Pro League, DreamLeague, ESL One зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулдаг.
Тус байгууллага жил бүр өөрийн экосистемийн тэмцээнүүдэд тогтмол оролцож, үзэгч татах чадвар болон спортын амжилтаараа ялгарсан байгууллагуудад Annual Club Incentive (ACI) нэртэй бонус сангаас урамшуулал олгодог. Энэхүү сангийн мөнгө нь тэмцээний шагналын сангаас тусдаа байдаг бөгөөд энэ улиралд нийт 16 байгууллага уг хөтөлбөрөөр дамжуулан орлого хүртэхээр байгаа юм.
IEM Atlanta 2026 тэмцээний дараа EFG-ийн шинэчилсэн чансаанд Natus Vincere (NAVI) тэргүүлсэн бол Team Spirit дүрэм зөрчсөний улмаас жагсаалтаас бүрэн хасагджээ.
EFG-ийн мэдээлснээр Team Spirit нь өмнө нь IEM Dallas 2025 болон IEM Atlanta 2026 тэмцээнүүдэд оролцохоос татгалзсан бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс олон удаа тэмцээнээс гарсан гэж үзсэн байна. ACI-ийн дүрмийн дагуу ийм тохиолдолд тухайн байгууллага жилийн урамшууллын хөтөлбөрөөс бүрэн хасагдаж, өмнө нь цуглуулсан бүх эрхээ алддаг.
Үүний улмаас Team Spirit багийн авах байсан 420,550 ам.долларын бонус хүчингүй болж, 2026 оны улиралд ACI-аас ямар нэгэн урамшуулал авах боломжгүй болсон байна.
ACI зөвхөн ялалтыг биш, үзэгчдийг ч үнэлдэг
ACI системийн онцлог нь зөвхөн тэмцээний үр дүнгээр хязгаарлагддаггүйд оршдог.
EFG нь Esports Charts-ийн баталгаажуулсан үзэгчдийн мэдээллийг ашиглан багуудын үнэ цэнийг тооцдог бөгөөд тэмцээний Group Stage шатны үеэр хамгийн өндөр үзэгч татсан багуудад нэмэлт оноо олгодог. IEM Atlanta 2026 тэмцээний үеэр:
BC.Game Esports — 344,059 дундаж үзэгч
Team Vitality — 277,157 дундаж үзэгч
FaZe Clan — 149,848 дундаж үзэгч
Natus Vincere (NAVI) — 137,967 дундаж үзэгч
BetBoom Team — 131,017 дундаж үзэгч үзүүлэлтээр эхний байруудад жагссан байна.
Энэ нь ACI системд зөвхөн хожил бус, багийн үзэгч татах чадвар, зах зээлийн үнэ цэнэ, хөгжөөн дэмжигчдийн идэвх чухал нөлөөтэйг харуулж байна.
The MongolZ өнгөрсөн жил хоёрдугаар байрт орж байв
Сонирхолтой нь Монголын The MongolZ баг 2025 оны ACI-ийн жилийн эцсийн чансаанд дэлхийн шилдэг байгууллагуудын дунд хоёрдугаар байрт бичигдэж, ойролцоогоор 295 мянган ам.долларын бонус хүртэж байсан юм.
Тухайн үед The MongolZ багийн олон улсын үзэгчдийн тоо, Азийн бүсийн өндөр хандалт болон томоохон тэмцээнүүд дэх тогтмол оролцоо нь өндөр үнэлгээ авахад гол нөлөө үзүүлсэн гэж үздэг.
ACI систем нь цахим спортын байгууллагуудыг зөвхөн амжилтаар бус, тэмцээнд авчирч буй үзэгч, үнэ цэнээр нь үнэлдэг тул дэлхийн хамгийн их анхаарал татдаг багууд давуу талтай байдаг.
Ийнхүү Team Spirit хөтөлбөрөөс хасагдсанаар 2026 оны ACI-ийн чансаанд томоохон өөрчлөлт гарч, жилийн эцэст урамшууллын сангаас хамгийн их ашиг хүртэх байгууллагуудын өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.
EFG-ийн мэдээлснээр 2026 оны Annual Club Incentive (ACI) хөтөлбөр жилийн эцэст дүгнэдэг бөгөөд эцсийн урамшууллыг чансаагаар шалгарсан шилдэг 16 байгууллагад 2027 оны эхний улиралд олгоно. Дараагийн томоохон оноо тооцох шат нь IEM Cologne Major 2026 байх бөгөөд тус тэмцээн 32 багийн форматаар зохион байгуулагдах юм. Мөн ACI чансааны дараагийн шинэчлэлд Stage 1-ээс Stage 3 хүртэлх бүх шатны үзэгчдийн үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцохоор EFG мэдэгдээд байна. Одоогийн байдлаар багуудын урамшуулал
Байр | Байгууллага | Одоогийн хүртэх дүн |
1 | NAVI | $452,715 |
2 (тэнцүү) | B8 Esports | $268,470 |
2 (тэнцүү) | FURIA | $268,470 |
4 | Team Vitality | $236,886 |
5 | G2 Esports | $213,197 |
6 | FaZe Clan | $181,612 |
7 | MOUZ | $157,924 |
8 | Legacy | $136,867 |
9 | Astralis | $130,287 |
10 (тэнцүү) | Team Liquid | $126,339 |
10 (тэнцүү) | Passion UA | $126,339 |
12 | BC.Game Esports | $105,283 |
13 | Team Falcons | $94,754 |
14 | 3DMAX | $82,910 |
15 | PARIVISION | $76,330 |
16 | paiN Gaming | $71,066 |







Comments