top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын бизнесийн шинэ түүхийг бүтээхийг зорьж байна


Монголын цахим спортын салбар нь зөвхөн тоглогчид, үзэгчид гэсэн бүтэцтэй байсан нь өөрчлөгдөж сүүлийн хэдхэн жилийн дотор баг, цахим спортын бизнесийн байгууллагын тогтвортой системийг бий болгох олон жишээнүүд гарч байна. Үүний нэг нь WAOW байгууллага юм.

Үүсгэн байгуулсанаа зарласнаас хойш нэлээд өндөр шагналын сантай, Зүүн Өмнөд Азийн бүсэд тоглодог багуудыг оролцуулсан PUBGM төрлийн тэмцээнийг зохиож, тун удалгүй гадаадын багийг худалдан авсан тухай мэдээлэл бидний хувьд шинэ зүйл байлаа.


esportsnews.mn- цахим спортын мэдээллийн сайт WAOW байгууллагын менежер Ц.Тужманлайтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.



Танай байгууллага Монголын цахим спорт, PUBGM төрөлд шинээр гарч ирсэн гэж би хардаг. Байгууллагын тухай товчхон танилцуулна уу?

Манай байгууллага нь шинэ байгууллага биш юм. 2018 онд Mobile Pro Cup буюу “MPC” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2019 эхээр анхны PUBGM төрлийн тэмцээнүүдийг зохиож, тэр тэмцээнд оролцож байсан тоглогчид өнөөдрийн PUBGM дэлхийн болон олон улсын тэмцээнд амжилттай оролцдог, мэргэжлийн тамирчид болсоныг харахад бахархалтай байдаг.

2024 онд байгууллагын өнгө төрх, брэндинг гэх мэт бүх зүйлдээ шинэчлэл хийж Бид Нэг Дэлхий буюу We Are One World хэмээх шинэ агуулгыг бий болгосон.

Үүсгэн байгуулагч Г.Бат-Эрдэнэ "Zelme" байгууллагаа бэхжүүлэх, брэндингийн өнгө төрхийг өөрчлөх, дэлхийд танигдсан цахим спортын байгууллага болоход шаардагдах бүтэц, хэтийн зорилго, зорилт, төлөвлөгөө, стратеги гээд хийх ёстой бүхнийг хийдэг; харин миний хувьд байгууллагын маркетин, зохион байгуулалт, багийн менежмент талаа хариуцдаг. Бидний гол зорилго бол улс, бүс, тивдээ дэлхийн жишигт нийцэхүйц цахим спортын тэмцээн зохион байгуулагч болох явдал юм.

 

Манай улсын хувьд хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал цахим спортын салбар нь төрөлжин хөгжиж байна. Зохион байгуулагч гэдэг утгаараа бусад байгууллагуудаас ялгарах онцлог нь юу вэ?

Бидний хувьд банк хоорондын цахим спортын наадмаас, Монголд хамгийн өндөр сантай, гадаад улсын багууд оролцуулсан олон улсын LAN тэмцээнийг зохиож байсан туршлага байна.

Бид саяхан Монголын Цахим Спортын Холбооноос (MESA) зохиодог PUBGM төрлийн тэмцээнийг хариуцан явуулсан. Энэ тэмцээн нь Олон Улсын Цахим спортын Холбооноос (IESF) жил бүр зохиодог Дэлхийн Цахим Спортын аваргын (WEC) тэмцээнд PUBGM төрлөөр Монгол улсыг төлөөлөн оролцох багийг шалгаруулдаг. Тэгэхээр IESF-ийн болон MESA-ийн стандарт, форматын дагуу тэмцээнийг зохиосон. Энэ нь манай байгууллагын хувьд бас нэгэн шинэ туршлага шүү дээ.

MESA - Mongolian Esports Association бо WAOW GG-нар PUBGM National Championship тэмцээнийг нийт 20 багийн дунд зохиож, тэмцээний ялагчаар IHC esports баг тодорч IESF WEC24  тэмцээнд PUBG Mobile төрлөөр Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа.
WAOW GG байгууллага 64 багийн дунд PUBGM төрлийн Super Clash төрлийн тэмцээний эхний улирлын тэмцээнээ дуусгаж, 6-р сарын 9-өөс дараагийн улирлын тоглолт эхэлнэ.
PUBG Mobile Invitational City Ulaanbaatar 2K24 тэмцээнийг 3.8-аас 3.23 хооронд зохиож, Монгол улсын томоохон багуудаас гадна Өмнөд Азийн багууд 20,000,000 төгрөгийг шагналын сангийн төлөө өрсөлдсөн.

Одоогийн байдлаар зөвхөн PUBGM төрлөөр тэмцээнийг зохион байгуулах, тогтсон стандарт, дүрэм журам, тогтмол явагддаг албан ёсны лиг гээд дэлхийн жишигт ойртуулах, нийцүүлэх; Монгол байгууллага олон улсын тэмцээнийг зохиож болно гэдгийг батлах явдал юм.

Дараагийн хамгийн том онцлог нь бид бизнесийн эргэлт, загварыг өөрчлөх явдал юм.

 

Би сайн ойлгосонгүй. Ямар бизнесийн эргэлтийг яаж өөрчлөх гээд байна?

We Are One World байгууллага маань Пакистан улсын "Guts And Glory" багийг худалдан авч, "WAOW GG" нэрээр PMSL CSA 2024 тэмцээнд яг одоо 6-р сарын 16 хүртэл Непал улсын Катманду хотод "PUBG MOBILE SUPER LEAGUE 2024" оролцож байна.

 

Манай улсын багийг бүрэлдэхүүнээр нь эсвэл тамирчдыг гадаадын баг гэрээгээр худалдан авч байгаа тохиолдол нэлээд бий.

Манай улсын цахим спортын түүхэнд (магадгүй уламжлалт спортын түүхэнд ч адил) гадаад улсын багийг өөрийн нэр дээр худалдан авч байсан түүх огт байхгүй. Энэ л бидний онцлог юм даа.

 

Яагаад заавал гадаад улсын баг гэж, нэлээд их шүүмжлэл дагуулаад байх шиг байсан даа?

Монгол улсад зөндөө олон чадвартай тамирчид, баг байгаа боловч гадаадын баг авч байгаа нь маш олон асуултыг төрүүлж байгаа. Монгол тамирчид гадаадын багт тоглож байсан тэр жишгийг эвдэж; Монгол залуус гадны багийг худалдан авч, Монгол арга барилыг гадаадад түгээн дэлгэрүүлж болохгүй гэж үү?

Монголын цахим спортын түүхэнд, цахим спортын бизнесс, эко системийн хувьд цоо шинэ кэйз болно. Манай байгууллага үйл ажиллагаагаа тэлж, Өмнөд Ази төдийгүй дэлхийд гарах амбицтай байна. Тийм ч учраас бид гадаад улсын тэр дундаа Пакистан улсын баг авсан.

 

Алс ирээдүй, амжилт, санхүү талаасаа Монгол баг авч хөгжүүлэх нь хамаагүй амархан байсан ч нөгөө талаас Пакистан улсын багийг авсан нь өөрийн гэсэн шалтгаантай,

 

Танай баг аль бүсэд хамаарах вэ, гадаад тамирчидтай ажиллаж байгаа учир хэл соёлын ялгаа гэх мэт саад бэрхшээл байна уу?

Пакистан баг маань Төв, Өмнөд Азийн бүсэд хамаардаг. Бидний хоорондын харилцааны хэл нь англи дээр, хэлний хувьд ямар нэг саад байхгүй, Ази  баг учраас соёлын ялгаа нэг их гарахгүй.

 

Цаашдын төлөвлөгөөний талаар юу хэлэх вэ?

Цаашдаа цахим спортын бүхий л төрлөөр багтай болох, цахим спортын платформ хөгжүүлэх зэрэг олон ажил биднийг хүлээж байна. Бид тун удахгүй Монгол тамирчдаас бүрдсэн Монгол багаа танилцуулна.

 

Хувийн зүгээс хэлэхэд манай улсын бизнесийн салбарууд, амжилттай яваа хөрөнгө оруулагч нар уламжлалт спорт гэхээсээ илүү цахим спортод хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсч байна. Учир нь цахим спорт өнөөдрийн байдлаар Монгол улсад байгаа цор ганц улс төржөөгүй салбар, өөрсдийн сонирхлоор үүсч бүхэл бүтэн салбар болон хөгжиж байна.


Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.



 

169 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page